Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн орлогын татварыг 100 хувь ХӨНГӨЛНӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 59 секунд

Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн орлогын татварыг 100 хувь ХӨНГӨЛНӨ

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 7 гишүүн (Б.Саранчимэг, Ц.Туваан, П.Анужин, Т.Аубакир, Т.Энхтүвшин, Ш.Адьшаа) санаачлан боловсруулсан Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр батлав.

Хууль нийтлэг үндэслэл, органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлага, эрх, үүрэг, хориглох зүйлс, органик бүтээгдэхүүний баталгаажуулалт, бүртгэл, мэдээллийн сан, шошго, органик бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид үзүүлэх дэмжлэг, урамшуулал, бусад зүйлийг зохицуулсан 5 бүлэг, 20 зүйл, 70 заалттай. Органик бүтээгдэхүүний тухай хуулийн зохицуулалт, хамрах хүрээ:

  • Органик хүнсний тухай хууль гэснийг Органик бүтээгдэхүүний тухай хууль гэж хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөсөн ба органик зарчмын дагуу хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх,
  • Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон орчны бүсэд органик үйлдвэрлэл эрхлэх,
  • Бүтээгдэхүүний орц 95 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай байх,
  • Сум, дүүрэг ойн дагалт баялаг болон байгалийн ургамал түүх органик талбайг тогтоож, тодорхойлох,
  • Бүтээгдэхүүний шошгод монгол болон гадаад хэлээр бичигдсэн "органик", "байгалийн цэвэр", "байгалийн гаралтай цэвэр", “эко”, “ногоон”, “экологийн гаралтай”, “экологийн цэвэр”, “”экологийн” “био”, “биологийн”, “биологийн гаралтай”, “биологийн цэвэр”гэсэн үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хэрэглэх бол органик бүтээгдэхүүний тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөх, эдгээр үгийг хуулийн этгээдийн нэрээр баталгаажуулахгүй байх,
  • ХХААХҮЯ органик салбарын Үндэсний зөвлөлтэй, судалгаа хөгжлийн төв нь органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх судалгааны нэгжтэй, аймаг, нийслэлийн Засаг дарга органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих хөтөлбөртэй байхаар тус тус зохицуулсан болно.

Органик хүнсний тухай хууль (2016) органик үйлдвэрлэлд тавигдах техникийн шаардлага, баталгаажуулалтын ерөнхий схемийг зохицуулсан бол шинэ хуулиар органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, урамшуулах асуудлыг өргөн хүрээнд зохицуулахаар тусгасан. Тухайлбал,

  • Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлөх,
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд органик бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хэрэглэх,
  • Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад үйлдвэрлэсэн органик бордоо хэрэглэх,
  • шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал, дотоодод үйлдвэрлэсэн, баталгаажсан, мэдээллийн санд бүртгэлтэй органик бордоог тариалангийн талбай, хүлэмжиндээ ашигласан тохиолдолд органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардлыг төрөөс санхүүжүүлэх,
  • сургуулийн өмнөх болон бүх шатны боловсролын байгууллагын дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс дэмжих,
  • органик бүтээгдэхүүнийг экспортловол хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-иас доошгүй хувьд төрөөс хүүгийн дэмжлэг үзүүлэх,
  • дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж, нийтийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлснээ хуулийн дагуу нотловол судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох;
  • органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт, сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилсан болно.
  1. Монгол улсын хүн амын эрт илрүүлгийн үзлэгийн 2023 оны жилийн эцсийн дүнгээр үзлэгт хамрагдсан 1.3 сая хүний 51.4% буюу 668.5 мянга нь хоол боловсруулах тогтолцоо ба бодисын солилцооны өвчлөлтэй байна (Мэдээллийн эх үүсвэр: ЭМЯ, Захиргааны статистик, 2023). Хүн амын нас баралтад зүрх судас, хавдар болон хоол боловсруулах эрхтний өвчлөл 65 хувийг эзэлж байна (Мэдээллийн эх үүсвэр:ҮСХ, 2021). Харвардын их сургууль болон Францын эрдэмтийн 2018 онд хийсэн судалгаагаар (Мэдээллийн эх үүсвэр: https://www.hsph.harvard.edu/news/) органик хүнсний бүтээгдэхүүн (жимс, ногоо, сүү, мах болон бусад) тогтмол хэрэглэдэг хүнийг хэрэглэдэггүй хүнтэй харьцуулахад хорт хавдрын тохиолдлын тоо 25%-иар бага, хорт хавдрын эрсдлийг мэдэгдэхүйц бууруулсныг тогтоожээ. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хоол хүнснээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн хуульд тус тус заасан “Хүн бүр өөртөө болон гэр бүлдээ шаардлагатай, эрүүл аюулгүй, баталгаатай хоол хүнсээр хангагдах эрх”-ийг хэрэгжүүлэхэд органик үйлдвэрлэл чухал хувь нэмэр оруулдаг.
  2. ҮСХ-ны дүнгээр Монгол улсын хохирол учирч, доройтсон талбайн хэмжээ сүүлийн 5 жилийн хугацаанд 2.8 сая га-аар буюу 45,7%-иар нэмэгдэж, 6,3 сая га -д хүрсэн байна (Мэдээллийн эх үүсвэр:https://www.nso.mn/). БНХАУ-ын эрдэмтдийн сүүлийн 15 жилийн хугацаанд хийсэн судалгаагаар органик тариалалт нь урт хугацаандаа хөрсний үржил шим, хүнсний ногооны ургацыг эрс сайжруулсан ба уламжлалт тариалалттай харьцуулахад хөрсний ялзмаг, азот, фосфор, калийн хэмжээг 4.8%-116.2%-иар, хөрсөн дэх цайр, кадьми, хромын агууламжийг 199.8%-, 312.5%-иар тус тус нэмэгдүүлсэн байна (Мэдээллийн эх үүсвэр:https://www.frontiersin.org/).
  3. Монгол улсад өнөөдөр 22 хамтын, 2 хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага органик хүнсний тохирлын үнэлгээг гүйцэтгэж, Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан www.organic.gov.mn-д баталгаажсан 401 органик, шилжилтийн үеийн органик 63, импортын 71 органик хүнс бүртгэлтэй байна. Монгол улсад 2022 оны 12 сарын байдлаар нийт нийт 300 гаруй үйлдвэрлэгч 5 га талбайд органик үйлдвэрлэл эрхэлж, 170 тн хүнсний ногоо, малын гаралтай 8 тн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлжээ. ХХААХҮЯ нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан Органик бүтээгдэхүүнийг бүртгэл, мэдээллийн сан www.organic.gov.mn-д бүртгэснээр хэрэглэгчдэд бодитой, үнэн зөв сонголт хийх боломжийг олгож байгаа ба хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд эерэг нөлөөтэй органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурталчилж байна.
  4. Монгол улсын органик үйлдвэрлэлийн хэмжээ нийт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 1%-д ч хүрэхгүй байна. Манай улс 2030 он гэхэд нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан бол дэлхийн улс орнууд тухайлбал, ЕХ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 25-30 хувийг 2030 он гэхэд органикт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мөн хугацаанд химийн пестицидийн хэрэглээг 50 хувиар, химийн гаралтай бордооны хэрэглээг 30 хувиар бууруулах зорилт тус тус тавьжээ.
  5. Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод хүнсний бус бүтээгдэхүүн 95%-ийг эзэлж байгаа ба ихэвчлэн органик бүтээгдэхүүний зах зээл, хэрэглээ өндөртэй ЕХ, БНХАУ, АНУ, Япон, Солонгос зэрэг улсад экспортлосон байна. Хэрэв бид МАА, газар тариалангийн үйлдвэрлэлийн хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний органик болохыг баталгаажуулж, олон улсын зах зээлд нийлүүлбэл экспортын орлого 1.5-2.0 дахин нэмэгдэж, бүтээмж сайжран, малчид, тариаланчдын орлого, ашиг өснө.
  6. Монгол Улс (ХХААХҮЯ) IFOAM / International Federation of Organic Agriculture Movement/ буюу Олон улсын Органик Хөдөө Аж Ахуйн Холбооны санал өгөх эрхтэй гишүүнээр 2023 онд элсэж, гишүүнчлэлийн цахим санд бүртгэгдэв.
  7. Органик хөдөө аж ахуйн судалгааны хүрээлэн FiBL -тэй хамтран ажиллаж, 2020, 2021, 2022 оны “The world of Organic Agriculture” статистикийн эмхтгэлд Монгол улсын органик үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг хэвлүүлсэн. Мэдээлэл дэлхийн 180 гаруй улсад түгээгдэв.
  8. “Органик хөгжил” ХББ-ын гишүүн үйлдвэрлэгч хонины ноосон органик бордоо үйлдвэрлэж, АНУ, ЕХ-д хүлээн зөвшөөрүүлж, 240 тн-ыг экспортлов.
  9. БНХАУ-ын органик бүтээгдэхүүний зах зээлийн багтаамж олон улсад 3-т эрэмбэлэгдэж байна. ХХААХҮЯ-ны дэргэд хэрэгжиж буй Экспортыг Дэмжих Төсөл (ЭДТ)-ийн “Монгол Улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхийг сайжруулах” НҮБАҮХБ-ын Техникийн туслалцааны хүрээнд БНХАУ-ын Органик Хууль (GB 19630-2019) болон Монгол Улсын Органик Хүнсний тухай хууль, журмуудыг харьцуулсан үнэлгээний ажил хийгдсэн. Монгол улсад органикаар баталгаажуулагдсан зарим эсвэл бүх органик бүтээгдэхүүнийг БНХАУ-д шууд хүлээн зөвшөөрүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хийх бэлтгэлийг хангаж байна.
  10. Монгол улсын баталгаажуулалтын 2 байгууллага IFOAM-ын магадлан итгэмжлэлийн хөтөлбөр буюу IOAS-ийн итгэмжлэлд хамрагдсан ба дүнг хүлээж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Цаг агаарын аюултай үзэгдлээс болгоомжил
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Цаг агаарын аюултай үзэгдлээс болгоомжил
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ