ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цэргийн дайчилгаа зарласантай холбоотойгоор тус улсын иргэдийн хөрш орнууд руу чиглэсэн урсгал эрс нэмэгдсэн. Хиагтын талаас манай улс руу орж ирэх гэсэн ОХУ-ын иргэд урд дараалал үүсгээд байгаа тухай мэдээлэл цацагдаад буй.
Хойд хил дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн буюу есдүгээр сарын 22-ны өдрийн 08:00-12:00 цагийн байдлаар Алтанбулаг боомтоор зургаан орны 170 зорчигч орж ирсэн. Энэ дотор Монгол Улсын 14, ОХУ-ын 74 болон бусад орны иргэд байна.
Яг одоогоор хилийн боомт дээр нэг машиныг шалгаж оруулах хугацаа 8-10 минут байгаа. Авто замын боомт учраас хилийн үзлэг, шалгалт болон зорчигчийн визийг шалгаж штамб дардаг.
Өнөөдрийн 12:00 цагийн орчимд Хиагтад машины урт цуваа үүссэн байна гэдэг мэдээлэл сошиалд цацагдсан. Хамгийн сүүлд авсан мэдээллээр нэг хэсэг нь хилийн боомт орчимд дугаарлаж байгаа бол нөгөө хэсэг нь хилийн хоёрдугаар хаалтын цаана буюу Хиагтын талд дугаарласан байна.
Сүүлийн байдлаар Хиагт орчимд 60 гаруй машин дугаарлаж байна гэдэг мэдээлэл бий.
Ерөнхийдөө өчигдөр болон өнөөдрийн хувьд Монголын тал руу хөдөлгөөн ихэссэн гэдэг мэдээлэл байна.
Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих гэрээтэй учир гадаад паспорттой, өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй.
Манай улсад байх гадаад иргэдийн тоог нийт хүн амын тоотой харьцуулж хязгаарласан байдаг. Аль нэг улсын иргэд манай улсын нийт иргэдийн 0.1 хувиас хэтрэхгүй байна гэдэг ч юм уу.
Одоогоор манай улсад байгаа гадаадын иргэдийн тоо 17-18 мянга орчим бий. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын баримт бичигт заасан хувь хэмжээнд хүрэхгүй тоо.
ОХУ-ын иргэд цэргийн дайчилгаанаас дүрвэж манай улсад орж ирж байгаа эсэхийг би хэлэх боломжгүй. Яагаад гэвэл тухай улсын дотоод асуудалд бид дүн шинжилгээ хийх эрхгүй" гэлээ.