Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замд гарсан ослын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Урд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт галт тэрэгний осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандалын төмөр зам барьж буй чиглэлд ачаа ачсан Монголиан транс ложистик компанийн вагон замаас гарч унасан осол боллоо. Зүүнбаян өртөөнөөс 75 км-ийн зайтай Хулангийн Шандас гэдэг зөрлөг дээр осол болсон.
Тус цуваанд нийт 17 вагон явж байсан бөгөөд үүнээс 14 вагон нь төмөр замын төмөр, үлдсэн гурав нь төмөр бетон ачиж явсан байна. Тус ачаа нь Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэгдэх ачаа байсан. Вагонд гурван хүн зорчиж явсан бөгөөд эдгээр хүмүүсийн биеийн байдал сайн байгаа. Ослын шалтгааныг тогтоохоор албаны хүмүүс хамтарч ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тус вагон хурд хэтрүүлсэн мөн жолооч нь согтуу байж болзошгүй гэх мэдээллүүд ирж байна. Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байна" гэлээ.
Мөн тэрбээр цаашид төмөр замын компаниуд аюулгүй байдлаа сахих, хариуцлагын тогтолцоогоо чангаруулах зэрэг асуудлыг Зам, тээврийн хөгжлийн яам анхаарч ажиллана гэв.