Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт газарт хууль бус гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, нийтийн хэв журам сахиулах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид 2022 оны 07 дугаар сарын 22-ноос өнөөдрийг хүртэлх хугацаанд уг талбайг цагдаагийн байнгын хамгаалалтад авч ажиллаж байна.
Тус газар хамгаалалтад байх хугацаанд ЦЕГ-ын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газарт мэдээлэл ирсэний дагуу алба хаагчид газар дээр нь очиж шалгахад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч “А”, “Ж”, Бугант тосгон дахь Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн “М”, тус аймгийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад “Г”, цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч “Г”, тус аймгийн Ерөө сумын иргэн “Н”, тус сумын Бугант тосгоны иргэн “О” нар үгсэн тохирч, Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2022 оны 08 дугаар сарын 28-ны өглөөний 07-08 цагийн орчим тээврийн хэрэгсэлд алттай гэх шороог ачуулан тээвэрлүүлсэн хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй үйлдэл шалгалтаар илэрсэн.
Хууль бус үйл ажиллагаанд оролцсон алба хаагчдыг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсгийг үндэслэн “Албанаас халах” арга хэмжээ тооцон цагдаагийн алба хаагч болон төрийн байгууллагын албан тушаалтнууд урьдаас үгсэн тохирч, зохион байгуулалттайгаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн хэргийг харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар энэ оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн байна.
Эх сурвалж: ЦЕГ