УУХҮЯ: Эрдэс баялгийн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 1-р улиралд 53 хувиар буурсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 2 секунд

УУХҮЯ: Эрдэс баялгийн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 1-р улиралд 53 хувиар буурсан

Эрдэс баялгийн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого оны эхний улирлын байдлаар 738.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 53.1 хувиар буурсныг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 18.8 хувийг бүрдүүлсэн байна.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт бууралттай байгаа нь салбарын орлого буурахад ихээхэн нөлөөлж байна.

Оны эхний дөрвөн сарын байдлаар зэсийн баяжмал, алтны экспорт өссөн бол бусад эрдсийн экспорт огцом буурчээ.

Тухайлбал: төмрийн хүдрийн экспорт тайлант хугацаанд 1.02 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 61 хувиар буурсан байна. Мөн экспортын дүн 70 хувиар буурч, 102 сая ам.доллар болжээ. Төмрийн хүдрийг 100 хувь БНХАУ-д экспортолсон байна. Дөрөвдүгээр сард дундаж үнэ нь 111.3 ам.доллар буюу жилийн өмнөхөөс 28 орчим ам.доллароор бага байжээ.

Мөн хугацаанд хайлуур жоншны экспортын биет хэмжээ 77.4 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 69.8 хувиар буурсан байна. Жоншны дийлэнхийг ОХУ-д багахан хэсгийг БНХАУ-д гаргасан байна. БНХАУ-тай хиллэдэг боомтуудын үйл ажиллагаа зогсонги байгаатай холбоотойгоор экспорт хийхэд хүндрэлтэй байгааг “Баялаг жонш” компанийн Гүйцэтгэх захирал онцолж байв.

Цайрын хүдэр баяжмалын экспорт 5.4 хувиар буурсан бол хар тугалганых 26.9 хувиар буурчээ. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр төмрийн хүдрээс бусад эрдсийн үнэ гадаад зах зээлд өсөлттэй байна.

Ялангуяа цайр, алтны төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өсжээ. Харин зэс, нүүрс, хайлуур жонш зэрэг эрдэс бүтээгдэхүүнийх буурсан байна.

БНСУ-ын иргэд Монголд визгүй зорчих болсонтой холбоотойгоор орон нутгийн нислэгээ нэмэгдүүлэхийг хүсэв
БНСУ-ын иргэд Монголд визгүй зорчих болсонтой холбоотойгоор орон нутгийн нислэгээ нэмэгдүүлэхийг хүсэв
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ