Визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтойг Гадаадын Иргэн Харьяатын Газар(ГИХГ)-аас мэдээлжээ.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 9.1-т заасны дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу ийнхүү нэг удаа сунгадаг аж.
Сунгуулах хүсэлтийг ГИХГ-т биечлэн ирж болон цахимаар мэдүүлэх боломжтой юм байна.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт биечлэн мэдүүлэх бол:
- Сунгалт хийлгэх үндэслэлийг дурдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
- 1 хувь цээж зураг
- Маягт бөглөх
- Паспорт эх хувиар
- Тэмдэгтийг хураамж төлсөн баримт
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт цахимаар мэдүүлэх бол:
- Сунгалт хийлгэх үндэслэлийг дурдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
- Паспортын нүүрэн хэсэг
- Монгол Улсын визтэй хуудас
- Монгол Улсын хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас
- Тэмдэгтийг хураамж төлсөн баримт
Тэмдэгтийн хураамжийн тухайд сунгуулах хоногоос хамаарч харилцан адилгүй байна. Тухайлбал, 1-7 хоногоор сунгах бол 40,000 төгрөг, 30 хоногоор бол 168,800 төгрөг байна.