Үндэсний олимпын хороодын холбооны Ерөнхий ассамблей үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий Спорт
Огноо
Унших
2 минут 8 секунд

Үндэсний олимпын хороодын холбооны Ерөнхий ассамблей үргэлжилж байна

Үндэсний олимпын хороодын холбоо /ҮОХХ/-ны 26 дахь удаагийн Ерөнхий ассамблей БНСУ-ын Сөүл хотноо өчигдөр эхэллээ. Тус хурлын нээлтэд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл оролцож үг хэлэв.

ОУОХ-ны гишүүн 206 орны Үндэсний олимпын хороо /ҮОХ/-доос 187 орон оролцож буй энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож байна.

Энэхүү арга хэмжээ спорт-олимпизмын хөдөлгөөнийг дэлхий даяар удирдан зохион байгуулж буй орнуудын мэдээлэл солилцох томоохон платформ юм.

ҮОХХ-ны Ерөнхий ассамблейн эхний өдөр үйл ажиллагааны тайлан, дүрмийн өөрчлөлт, хуулийн хэлтсийн мэдээлэл, санхүүгийн болон аудитын тайлан, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн мэдээлэл, “Бээжин-2022” олимпын наадмын тайлан, “Канвон-2024” залуучуудын олимпын наадмын бэлтгэл ажил болон “Бали-2023” ҮОХХ-ны элсний наадам, “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадмын талаар мэдээллийг өгөв.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах хэлсэн үгэндээ “Улс төр, дайн байлдааны хүнд нөхцөл байдлыг хамтдаа даван туулж, урьдчилан сэргийлэх тал дээр ажиллах шаардлагатайг дурдахын хамт Украины тамирчдад үзүүлэх дэмжлэгийг гурав дахин нэмэгдүүлсэн” гэж мэдээлэв.

Түүнчлэн ОУОХ-ны Ерөнхийлөгч тамирчид хэзээ ч улс төрийн бодлогын золиос болох учиргүйг онцолсон юм. Тэрбээр “Бид тамирчдаа хамгаалах, энх тайванч өрсөлдөөнд дэлхий нийтийг нэгтгэх олимпын эрхэм зорилгоо бүрэн биелүүлж чадахгүй байна” гэлээ.

Тус хурлын эхний өдөр “Бээжин-2022” олимпын наадамд онцгой амжилт гаргасан баг тамирчдад шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болжээ.

Харин өнөөдөр ҮОХХ-ны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчдийг сонгох, “Парис-2024” олимпын бэлтгэл ажлын талаарх мэдээлэл болон ҮОХХ-ны 2021-2024 оны стратеги төлөвлөгөөний талаар хэлэлцэх юм байна.

Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна
Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ