Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт энэ сарын 7-нд Египетийн Шарм Эль-Шейх хотноо эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах юм.
Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шарм Эль–Шейх хотын “International Congress Center” хурлын төвд хүрэлцэн ирэхэд Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Аль-Сиси, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтан авчээ.
Ерөнхийлөгч мөн гадаадын улсуудын төр, засгийн тэргүүн нарын хамт Дээд түвшний уулзалтын нээлт болон нэгдсэн хуралдаанд оролцов.