ШИНЭЧЛЭГДСЭН МЭДЭЭ 19:27 ЦАГТ:
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Одбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /худал мэдээлэл тараах/, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хянан хэлэлцээд:
- Шүүгдэгч Э.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- Шүүгдэгч Э.Одбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чинбатыг оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,
- шүүгдэгч Б.Билгүүнийг оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,
- шүүгдэгч Л.Ганхөлөгийг оршин суугаа газар болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,
- шүүгдэгч Б.Бямбагэрэлийг оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаанд гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Одбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаанд оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Сүхбаатарын талбайд "No Double Standard" хөдөлгөөнийг зохион байгуулсан иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох шүүх хурал дөнгөж сая дууслаа. Тэдэнд зургаан Зөрчлийн хэрэг, хоёр эрүүгийн хэрэг үүсгээд байжээ.
Тухайлбал иргэн Э.Одбаяр нарын иргэд Засгийн газраас "Цахим үндэстэн" арга хэмжээг цар тахлын дэглэмийг зөрчин, олон нийтийг нэг дор олноор цуглуулж зохион байгуулсныг эсэргүүцэн "No Double Standard" жагсаалыг Сүхбаатарын талбайд хийсэн. Энэ үеэр хуулийн байгууллагаас иргэн Д.Монголхүүг 461 дүгээр ангид саатуулсан.
Энэ талаар иргэн Э.Одбаяр "Д.Монголхүүг ямар нэгэн шийдвэр, тогтоолгүйгээр баривчилсан. Ингэж хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид Д.Монголхүүг бидэнд хүлээлгэн өгсөн. Бид тухайн иргэнийг оргуулсан зүйл огт байхгүй" гэж ярьжээ.
Мөн тэднийг дайныг эсэргүүцэн "No war" хөдөлгөөнийг зохион байгуулсан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Дээрх хоёр үндэслэлээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зохион байгуулсан шүүх хуралдаан хоёр өдөр үргэлжлэн дуусаж, шүүгчид шийдвэрээ гаргалаа. Э.Одбаяр нарын таван хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.
Шүүх хурал гурав хоногийн турш тасралтгүй үргэлжилж, өнөөдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах шийдвэрийг гаргав.
Э.Одбаярт 1.9 жил хорих, н Чинбатад нэг жилийн хорих, н.Билгүүн, Л.Ганхөлөг нар найман сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, н.Бямбагэрэлд 24 сар зорчих эрх хязгаарлах ял оноох саналыг Прокурор гаргажээ.
Шүүхээс Одбаярт 1.2 жил, бусдад нь 1 жил оршин суугаа дүүргээсээ гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оноолоо. Тэд давж заалдахаа мэдэгдэв. Дэлгэрэнгүй шүүхийн шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлд Зорчих эрхийг хязгаарлах ялыг тодорхойлсон бөгөөд нийт 206 төрлийн гэмт хэрэгт оногдуулж болохоор хуульчилсан. Хуульд гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс нэг сараас таван жил хүртэл хугацаагаар өөрийн оршин суух газраас явах, тодорхой газар очихыг нь хориглож, зөвхөн шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэж тодорхойлсон.
Мөн шүүхээс тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ялтныг бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзвэл тодорхой хүнтэй харилцахыг нь хориглож болдог.
Тус ялыг Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хулгайлах, залилах, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших, эд хөрөнгө устгах, гэмтээх, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, хууль бусаар мод бэлтгэх, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэх мэт хөнгөн гэмт хэргийг үйлдсэн хүнд сонголттойгоор оногдуулдаг.