Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулах эрх бүхий хуулийн этгээдийг мэргэжил, арга зүй, удирдлагаар хангах, техникийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус паспортжуулалтын зөвлөлийн үйл ажиллагааны тухай хэлэлцэв. Ашиглалтад орж байгаа барилгыг паспортжуулах, чанарын дүгнэлт гаргах ажил 2011 оноос эхэлжээ.
Нийслэлийн Хот байгуулалтын нэгдсэн мэдээллийн санд 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 18,625 барилга, байгууламж бүртгэгдсэн. Эдгээрээс Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм шинэчлэгдэхээс өмнө буюу 2002 он хүртэл баригдсан нийтийн зориулалттай орон сууцны 1320, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 524, нийт 1844 барилга байгаа юм.
Нийслэл орчмын газар хөдлөлт 2018 онд 829, 2019 онд 1010, 2020 онд 1357, 2021 онд 1123 бүртгэгдсэн бол он гарснаас хойш есдүгээр сарын байдлаар 813 удаа газар хөдөлжээ. Үүнээс 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 2021 онд гурав, энэ онд дөрвөн удаа бүртгэгдсэн байна.
2002 оноос өмнө барьсан, паспортжуулах шаардлагатай 1844 барилгаас 2011-2022 онд нийтийн зориулалттай орон сууцны 640, олон нийтийн 258, нийт 898 барилгад буюу 48 хувьд нь судалгаа хийн, дүгнэлт гаргаж паспортжуулжээ. Эдгээрээс газар хөдлөлтөд тэсвэртэй 203, хүчитгэл, бэхэлгээ хийх 188, барилгын үндсэн хийц, бүтээц ослын байдалтай, норм, нормативын баримт бичгийн шаардлага хангахгүй, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилга байна. Энэ онд хэмжилт судалгаа хийж байгаа 31 барилга байгаа юм. Цаашид 2002 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон нийтийн 915 барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийх, паспортжуулах шаардлагатай байгаа тул дээрх асуудлыг шийдвэрлэх хөрөнгө мөнгийг тусгаж өгөхийг зөвлөлийн гишүүдээс Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж хүслээ.
Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлын явц, холбогдох тооцоо судалгаа, мэдээллийг танилцууллаа. 1970 оноос өмнө барьсан, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Гэвч эдийн засаг, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалан өнөөдрийг хүртэл тус барилгуудад иргэд оршин суусаар байна.
Нийслэлийн Засаг даргын 18 удаагийн захирамжаар 178 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан. Одоогоор 109 барилгад төсөл хэрэгжүүлэгч шалгарч, 2015-2022 оны хооронд 1298 өрхийн 61 барилгыг буулгаж, 3131 өрхийн үйлчилгээ, орон сууцны 25 барилгыг барьж, ашиглалтад оруулжээ. Ашиглалтад ороход бэлэн болсон зургаа, гэрээний шатанд 20 барилга, барилгын ажил үргэлжилж байгаа 38 барилга байна. Мөн төсөл сонгон шалгаруулалт зарладаг ч аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй тул тодорхой хөнгөлөлт, дэмжлэг хэрэгтэй байгааг зөвлөлийн гишүүд онцолж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Үүний дараа Улаанбаатар хотын хүн ам, нягтаршилтын судалгааг танилцууллаа. Улаанбаатар хот нь газар нутгийн 0.03 хувийг эзэлж, нийт хүн амын 51 хувь нь нийслэлд амьдарч байна. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүн ам, барилгажилт болон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан 2018 онд хийсэн хүн ам, барилгажилтын нягтралын судалгааг шинэчлэн тогтоох шаардлага урган гарч байгаа юм. Иймээс Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 35,206 га талбайг авто замын сүлжээгээр 1183 хэсэгт хувааж, одоо байгаа болон шинээр барихаар төлөвлөсөн барилгын мэдээлэлд тулгуурлан хүн ам, барилгажилтын нягтралтын хэмжээг шинэчлэн тогтоожээ. Одоо байгаа хүн амын нягтралыг тооцож үзэхэд, хүн амын тооцоот нягтралын дээд хязгаар 460 хүн/га-гаас хэтэрсэн 88 хэсгийн 733 га талбай байна. Иймээс дээрх газар орон сууцны барилга бариулахгүй, харин шаардлагатай цэцэрлэг, сургуулийн барилга барих, эс бөгөөс өөр газраар солих гэх мэт шийдвэр гаргах шаардлагатай байгааг Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж хэлж байлаа. Хүн амын нягтралын хязгаарыг давсан байршлуудыг энэ ондоо багтаан НИТХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болов.
УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР САЙЖРУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА
Өнгөрсөн сард болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга Улаанбаатар хотын нийтийн төв номын санг олон улсын жишиг болгох талаар судалж, үйл ажиллагаагаа танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу тус номын сангийн захирал Д.Индра хэрхэн жишиг болох боломжтой талаар болон үйл ажиллагаа, фондын баяжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг танилцуулав. Тус номын сан нь ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжаар 1980 онд ашиглалтад орсон, 93 мянган нэр төрлийн 386 мянга гаруй сан хөмрөгтэй. Харин салбарууд нь Монголын анхны номын сангуудаар нэрлэгддэг бөгөөд Чингэлтэй дүүрэг дэх М.Горькийн нэрэмжит номын сан 1946, Хан-Уул дүүрэг дэх номын сан 1948, Баянзүрх дүүрэг дэх номын сан 1968, Сонгинохайрхан дүүрэг дэх номын сан 1991 онд байгуулагджээ.
Улсын хэмжээнд 1500 гаруй номын сан байдгаас хөгжлийн бэрхшээлтэй болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цорын ганц номын сан нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сан. 42 жилийн хугацаанд 350 мянга гаруй хүн карт нээлгэснээс 101 мянга гаруй уншигч тогтмол үйлчлүүлдэг. Эдгээрээс 32 мянга нь хүүхэд, 1500 орчим нь ахмад настан, 66 мянга гаруй насанд хүрэгчид бол хөгжлийн бэрхшээлтэй 291 иргэн байна. Мөн 200 гаруй орны 150 хэл дээрх номыг харааны бэрхшээлтэй иргэд онлайнаар унших боломжийг бүрдүүлжээ.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра сүүлийн жилүүдэд номын баяжилтыг хийхэд анхаарч, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа. Цаашид зургаан төрлийн үйлчилгээг E-Mongolia системд оруулж, цахим мэдээллийн сан бүрдүүлэхээр зорьж байгаа. Орчин үед номын санг ном унших газар гэхээсээ илүү соёлын төв, бүтээлч орон зай гэж харах болсон. Энэ хүрээнд Америкийн элчинтэй хамтран төсөл хэрэгжүүлж, Бүтээгчдийн орон зайг байгуулах гэх мэт олон ажил санаачилж, зохион байгуулж байгааг хэлж байлаа. Төв болон салбар номын санд фондын баяжилтыг нэмэгдүүлж, дөрвөн салбар номын санг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг болгох шаардлагатай байгааг мөн онцолж байсан юм. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатар хотын нийтийн төв номын санг олон улсын жишиг нийтийн номын сан болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шинэчлэн сайжруулах боломжийн талаар судалгаа хийж, Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр болов.
30 САЯ МОД ҮРЭЭР ТАРЬЖЭЭ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Ерөнхийлөгчийн нэрэмжит “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлыг танилцууллаа. Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.1 ам метр байгаа. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт үүнийг найман ам метрт хүргэхээр зорьж буй юм. ДЭМБ-аас хот суурин газрын барилгажсан талбайн ногоон байгууламж есөн ам метрээс дээш байвал зохистой гэж үздэг.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот 120 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Үүнээс ойжуулалт, нөхөн сэргээлтэд 12 мянган га-д 55 сая, хотын барилгажсан хэсэгт 65 сая мод тарихаар төлөвлөсөн. Ингэхдээ “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”-д 15 сая, нийтийн тусгай, хязгаарлагдмал хэрэгцээнд үлдсэн модыг тарих юм. Дээрх цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх хайрханыг түшиглэн 20,480 га газарт байгуулах бөгөөд аялал жуулчлал, спорт, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн нэгдсэн төв болгохоор зорьж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 15 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, зургаан га газарт мод үржүүлгийн ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд 25 төрлийн 110 гаруй зүйлийн мод, бут, сөөг, байгалийн олон наст ургамал, нэг наст цэцгийг тарималжуулахаар төлөвлөсөн байна. Энэ жил 30 сая мод, бутыг үрээр тарьжээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР