Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд өнөөдөр өглөө 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өгсөн мэдээллээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвөөс баруун зүгт 42 километрийн зайнд өнөөдөр 10:47:17 цагт (Улаанбаатарын цагаар) 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Газар зүйн байршлын хувьд 48.91 88.58 (Өргөрөг, Уртраг) байжээ.
Баян-Өлгий аймагт арваннэгдүгээр сард хоёр дахь удаагаа газар хөдлөлт болж байгаа нь энэ. Өмнөх нь арваннэгдүгээр сарын 7-нд тус аймгийн Алтай суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд болсон хүчтэй газар хөдлөлтийг мэдэрсэн бол ЭНД дарж газар хөдлөлтийн макро мэдээг бөглөхийг тус хүрээлэнгээс мэдээллээ.
Иргэд та бүхэнд өөрийгөө болоод бусдыг газар хөдлөлтийн аюулаас хамгаалах зөвлөмжийг хүргэж байна.
- Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.
- Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах хэрэгтэй.
- Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
- Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
- Хэрвээ гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болбол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.
- Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.
- Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсож радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
- Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очих хэрэгтэй.
- Аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.
- Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.