Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, охины хамт
Өнгөрсөн баасан гарагт БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тив алгасах баллистик пуужин хөөргөх шалгалтын үеэр анх удаа охиныхоо хамт оролцжээ. Ким Жон Уны хувийн амьдралын талаар маш бага мэдээлэл байдаг.
Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг (KCNA)-ийн нийтэлсэн мэдээнд Ким Жон Ун охинтойгоо хөтлөлцөн, албаны хүмүүстэй ярилцаж, пуужинг шалгаж, харвах тавцангаас хөөргөх ажиллагааг ажиглаж буй зургуудыг хавсаргасан байв. Ким Жон Уны охины тухай мэдээлэл ил болсон нь Хойд Солонгосын хамгийн хүчирхэг АНУ-ыг сөнөөх чадалтай тив алгасах баллистик пуужингаа харвасан гэх мэдээнээс илүү шинжээчдийн сонирхлыг татсан юм.
Учир нь Ким Чу Аэ гэх охин ирээдүйд Хойд Солонгосын удирдагч болох магадлалтай. Гэвч яагаад чухал үйл ажиллагааны үеэр охиноо танилцуулав? Энэ явдал нь түүнийг хэзээ нэгэн цагт тус улсын зэвсгийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг харуулж байна гэж шинжээчид үзсэн юм. Саяхан Ким Жон Ун ямар ч тохиолдолд цөмийн зэвсгээсээ татгалзахгүй гэдгээ мэдэгдсэн нь тэрээр цөмийн зэвсгээ хойч үедээ үлдээж байгааг дэлхий нийтэд харуулж буй арга юм.
Мөн бага насны охиноо удирдагч болоход бэлтгэж байгаа бол 38 настай удирдагч Ким Жон Ун эрүүл мэндийн асуудалтай болсон уу гэсэн асуулт олон мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Түүний эрүүл мэнд Хойд Солонгосын дэглэмийн тогтвортой байдалд томоохон эрсдэл учруулж болзошгүй.
Вашингтоны Стимсон төвийн Хойд Солонгосын мэргэжилтэн Майкл Мэддений Чу Аэг 12-13 настай гэжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар удирдагч Ким Жон Ун хоёр охин, нэг хүүтэй бөгөөд хамгийн ахмад нь Чу Аэ юм. Гэвч удирдагч гэр бүлийнхээ талаар нууцалдаг бөгөөд эхнэр Ри Сол Жуг гэрлэснээс хойш хэсэг хугацаанд нууцалж байсан билээ.
Эх сурвалж: BBC