Дэлхий дахинд k-pop урлагийг таниулсан гавьяатай гэгддэг BTS хамтлагийн долоон гишүүний эхнийх нь өнөөдөр Өмнөд Солонгосын армид хугацаат цэргийн албаа хааж эхэлжээ.
Бие бялдар, эрүүл мэндийн шаардлага хангасан Өмнөд Солонгосын эрэгтэй иргэн бүр 30 нас хүрэхээсээ өмнө 18 сарын хугацаатай цэргийн алба хаах үүрэгтэй байдаг.
Хамтлагийн хамгийн ахмад нь болох Жиний нас 30 хүрэх хугацаа ойртох тусам BTS хамтлагийнхныг цэргийн албанаас чөлөөлөх эсэх асуудал Өмнөд Солонгост хурцаар яригдаж байв.
Тус улсын хуулиар зөвхөн тив, дэлхийн тэмцээнд түрүүлсэн тамирчид, сонгодог урлагийн төрлөөр олон улсад амжилт гаргасан уран бүтээлчид цэргийн албанаас чөлөөлөгддөг. Гэвч улс орныхоо эдийн засагт олон тэрбумын хувь нэмэр оруулдаг BTS хамтлагийн гишүүд үүнд хамрагдахгүй нь аравдугаар сард тодорхой болсон юм.
Жин буюу бүтэн нэр нь Ким Сок Жин өнөөдрөөс эхлэн таван долоо хоногийн хугацаатай цэргийн албаны бэлтгэл сургуулилалтыг эхлүүлж байгааг Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Бэлтгэлээ дуусгаад тэр Умард Солонгостой залгаа хил дээр байрладаг цэргийн ангид хуваарилагдах юм байна.
Саяхан тэр сошиал хуудсандаа үсээ богиносгож засуулсан зургаа нийтэлжээ.
Жинийг цэрэгт үдэх ёслол зөвхөн гэр бүлийнх нь хүрээнд болох тул төвөг учруулахгүй байхыг BTS хамтлагийн Big Hit Music студи өнгөрсөн долоо хоногт фэнүүдэд анхааруулсан юм.
Тус хамтлагийн бүх гишүүн 2025 оны үед хугацаат цэргийн албаа хааж дуусгаад дахин нэгдэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Yonhap News