Америкийн худалдааны танхимаас “Шинэ сэргэлтийн бодлогын санхүүжилт, хэрэгжилт” сэдэвт уулзалтыг өнөөдөр Шангри Ла зочид буудалд зохион байгуулав.
Эдийн засгийн хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар оролцогчдод Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулав. Засгийн газраас өргөн барьснаар УИХ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолыг өнгөрсөн арванхоёрдугаар сард батлав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын 100 жилийн ойн хурлаар Шинэ сэргэлтийн бодлогоо анх танилцуулсан юм.
Шинэ сэргэлтийн бодлого эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын улмаас эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөөг бууруулах, хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлсийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилготой.
Энэ бодлогын дагуу эхний ээлжид 94 төсөл хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн, УИХ-аас баталсан тогтоолд эдгээр төслийн жагсаалтыг оруулсан юм. Эдгээрээс хэд нь хэрэгжиж эхэлсэн, хэчнээн нь бэлтгэл хангаагүй байгааг Б.Анар дарга танилцуулав. Тэрээр -Нийт 94 төслөөс одоо 20 төсөл хэрэгжиж байна. 2012 оноос хойш Засгийн газар хувийн хэвшилтэй гэрээ байгуулан, Концессын гэрээгээр 45 төсөл хэрэгжүүлэхээр тохирчээ. Үүнээс 20 төслийг хэрэгжүүлж дууссан. Таван гэрээний хэрэгжилт удаашралтай байна. Эрчим хүч, авто замын төслүүдийг голдуу Концессоор хэрэгжүүлдэг.
Дээрх 94 төслөөс 20 төслийг л улсын төсвөөс санхүүжүүлэх боломжтой тул үлдсэн төслүүдийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ. Гэхдээ бэлтгэл ажлаа бүрэн хангаагүй төслүүд бий тул санхүүжилт хүлээж буй 61 төсөл байна. Үүний арван төслийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хэлэлцээ хийн шийдэхээр энэ өдрүүдэд ажиллаж байна. 94 төслийн нийт санхүүжилт 6 их наяд төгрөг болно. Эдгээрийг арван жилийн турш хэрэгжүүлэх тул улсын төсвийн өрийн таазанд тулган, санхүүжүүлнэ. Урт хугацаанд хэрэгжүүлэх тул төсөвт дарамт болохгүй. Яамдын мэргэжилтнүүд их дүнтэй, томоохон төслүүдийн ТЭЗҮ бэлтгэх гэх мэт ажлыг хийхэд ур чадвар ханалтгүй, мөн цөөн мэргэжилтэнтэй. Иймд Төр хувийн хэвшлийн түншлэлийн төв байгуулна. Энэ онд зургаан төслийн, ирэх онд есөн төслийг хэрэгжүүлж дуусна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа сунасан. Баруун босоо болон зүүн босоо төмөр зам, авто замыг барих хөрөнгө оруулагч нарт Зам тээврийн яам, “Монголын төмөр зам” компани өнөөдрөөс урилга, нээлттэй сонгон шалгаруулалтын зар хүргүүлнэ. Шинэ сэргэлтийн бодлогод төмөр замын хоёр төсөл багтсан. Энэ бол мега төсөл.
Гаднын хөрөнгө оруулагчид Хөрөнгө оруулалтын тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хамгийн их сонирхдог. Манай яам эдгээр хуулийн төслийг боловсруулж дууссан. Удахгүй олон нийтээр хэлэлцүүлнэ гэв.
МУИС-ийн багш, доктор Ч.Хашчулуун: -94 төслөөс цөөн нь хэрэгжинэ. Үүнд санаа зовох шаардлагагүй. Иймд эхний ээлжид Дарханы зам, эрчим хүчний төслүүдэдээ анхаарах нь зөв. 2025-2026 онд манай улсын эдийн засаг өндөр өснө. Энэ үед 5-6 их наяд төгрөгийн өртөг бүхий газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Мөн “Оюу толгой”-н гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засаг өндөр хувиар өсөх судалгааг бид хийсэн. Зэсийн экспорт сайн байна. Таван толгой цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орно. Мөн ирэх жилүүдэд уул уурхай (байгалийн хий, занарын төслүүд) дахин хөрөнгө оруулагчдын анхаарлыг татна. Манай улс Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Цаашид БНХАУ-тай энэ гэрээг хийхийг үгүйсгэхгүй. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбар хөгжих ихээхэн боломжтой ч зориуд энэ салбарыг дарсаар ирсэн. 2000 онд манай эдийн засаг нэг тэрбум ам.доллар байсан бол одоо 14 тэрбум ам.доллар болж өссөн. Энэ бол хөгжил дэвшил мөн. Гаднын хөрөнгө оруулагчид хүнсний салбарыг төдийлөн судалдаггүй. Энэ салбарт ч боломж бий гэж байр сууриа илэрхийлэв.