Сүүлийн таван жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162,008 автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасахаар болсон тухай мэдээллийг Автотээврийн Үндэсний төв цахим хуудсандаа нийтэлжээ. Өөрөөр хэлбэл эдгээр тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болох нь.
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д заасны дагуу уг ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Журмын 7.2.3-д сүүлийн 5 жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй бол бүртгэлийн байгууллага автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна гэж заасан байдаг аж.
Тээврийн хэрэгслийн бүртгэлээс хасагдах жагсаалтад орсон эсэхийг www.transdep.mn цахим хуудсанд хандан эзэмшигчийн регистрийн дугаарыг оруулж шалгах боломжтой байна.