PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гранд финалын шат Индонез улсын нийслэл Жакарта хотод боллоо.
Дэлхийн хамгийн шилдэг 16 баг өрсөлдсөн тэмцээнд Монгол Улсын төлөөлөл хоёр баг оролцсоноос "Godlike Stalwart" 4-р байр, "IHC Esports" 5-р байрыг тус тус эзэллээ.
Гранд финалын шат гурван өдөр үргэлжилсэн бөгөөд монгол багуудын эхний өдрийн тааруу тоглолт сүүлийн хоёр өдрийнхөө амжилтыг хойш чирэв.
Гурав дахь удаагаа зохиож буй "PMGC - PUBG Mobile Global Championship"-д Туркийн "S2G Esports" баг түрүүлсэн бол өмнөх хоёр удаагийн аварга Хятадын "Nova Esports" баг 9-р байрыг эзлэв.
Тэмцээний шилдэг тоглогчоор "Godlike Stalwart" багийн TOP буюу А.Бүрэнбаяр тодорсон. Цомын эзэд 510 мянган ам.долларын эзэн болсон бол "Godlike Stalwart" баг 200 мянган ам.доллар, "IHC ESPORTS" баг 151 мянган ам.доллар халааслав.