Төрийн байгууллагууд тендерээс “хувь авч”, тэрбум мод тарих суулгацаа худалдаж авдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
6 минут 21 секунд

Төрийн байгууллагууд тендерээс “хувь авч”, тэрбум мод тарих суулгацаа худалдаж авдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгох зарлиг гаргасан. Улсын хэмжээнд жилд ердөө 500 гаруй мянган мод, бут, сөөг тарьсан болж домнодог байсан энэ тоо зарлиг гарсанаас хойш жилд хоёр сая орчим болж, өнгөрсөн 11 жилийн хугацаанд 13 сая мод тарьжээ. Харин 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын нарийн бичгийн дарга агсан \2018 онд нас барсан\ Кофи Аннантай уулзаж ирсэнийхээ дараа “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар өрнүүлж, олон улсын анхаарлыг татсан. Харамсалтай нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй энэ том акцыг дотооддоо ямар ч бэлтгэлгүй байж НҮБ-ын индэр дээрээс сэтгэлийн хөөрлөөр “хашигчсан” нь, ууландаа ч модгүй, ургасан ч модгүй болгоход хүргэж мэдэхээр байна.
ЕТГ-ын дарга Я.Содбаатарын хэлсэнээр манай улсын хэмжээнд нэг жилд 9,2 сая орчим үрсэлгээ бэлтгэдэг гэнэ. Харин 10 жилд тэрбум мод тарина гэвэл ойролцоогоор 100 сая орчим үрсэлгээ хэрэгтэй. Ерөнхийлөгч маань санаачилсан гэдэг утгаараа энэ үрсэлгээ суулгацыг гаднаас авахгүй, зөвхөн дотоодоосоо бэлтгэнэ гэдгийг ч мөн ЕТГ-ын дарга тодотгосон. Үүний тулд татан буулгасан Ойн агентлагаа сэргээж, БОАЖЯ-ны дэргэд Ойн судалгаа, хөгжлийн төвийг байгуулав. Уг төвийн үндсэн зорилго нь моод, бут сөөгний үрсэлгээг нэмж, Тэрбум модны суулгацыг бэлтгэх чиг үүрэгтэй. Гэтэл энэ байгууллагын үйл ажиллагаа нь суулгац бэлтгэдэг хэдэн ААН-үүдийн хүлэмжийг харуулсан онлайн үзэсгэлэн ганц удаа зохион байгуулсан нэрнээс хэтрээгүй. Ердөө л Төрийн тэргүүний тойрон хүрээлэгчдийн нэгээр даргалуулсан, Тэрбум мод төслийн хүрээнд мөнгө цохидог төрийн харъяаны олон байгууллагын нэг болжээ.

Тэртээ тэргүй мод, бут, сөөгний үрсэлгээ нь хангалтгүй, олдоцгүй, өндөр үнээр авъя гээд ч байхгүй тул монголчууд өнгөрсөн жилийн намраас уулын мод руугаа “дайрч” эхэлсэн нь үнэн. Суулгац арвинтай, ачиж тээвэрлэхэд дөт, засмал замтай гээд Сэлэнгэ аймгийн ойн бүсийн сумд руу трактораар дайрч, түрж, булгалсаар үрсэлгээний суулгац татаж байгааг баримтжуулсан мэдээлэл ч хэвлэлээр хангалттай цацагдсан билээ. 30 шахам жилийн турш 10 сая мод нөхөж ургуулах гэж үйлээ үзсэн Сэлэнгийн тужийн нарсан ой Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод хөтөлбөр нэрийн дор сүйдчих вий гэсэн эмзэглэл нийгэмд бий боллоо.
Мэдээж У.Хүрэлсүх өөрөө уулнаас суулгац чирээд ир гэхгүй ч, Төрийн тэргүүнийхээ хурган омогийг дарж, хэдэн жил ажилтай явахын тулд уулын модыг булгалсан ч, ургах эсэх нь хамаагүй гэдэг арилсан дотор, арчаагүй сэтгэхүйтэй хурган дарга нар улсаар нэг байгааг энэ хөтөлбөр харуулсаар байна. Хэдийгээр санаачилга нь зөв боловч үйлдэл нь агуулгаа зөвтгөдөггүй тул тэрбум мод тарьлаа гээд ургахгүй бол хэнд, юунд хэрэгтэй гэж... Чин үнэндээ 2021 оноос эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс хичнээн мод тарьсанаас хэд нь ургаж, хэд нь хувхайрч хаягдсан бэ гэдэг тоог хэн ч гаргаж, хэн ч ярихыг хүссэнгүй. Ерөнхийлөгчдөө таалагдаж, билгэдлийн чанартай мод тарьсан болоод тухайн жилээ дуусгаж л байвал боллоо гээд нүдээ аниад өнгөрч байна.
Сүүлдээ уулын модоо булгалах ч бүр өнгөрөв бололтой. Ерөнхийлөгч санаачилсан тул төрийн байгууллага бүр идэвхийлэн оролцож, заавал хаа нэгтээ мод тарих ёстой. Гэтэл төрийн байгууллагууд жилд хоёр удаа авах үрсэлгээний зардлыг өөрсдөө гаргах ёстой. Мэдээж модонд зориулсан төсөв гэж батлахгүй тул ажилчид нь өөрсдөө мод худалдаж авдаг. Ингэхдээ тендер болон ААН байгууллагатай хийсэн үндсэн чиглэлийн гэрээнийхээ дундаас нь мөнгө гаргаж, Тэрбум мод тарих үндэсний хөтөлбөрт суулгах модныхоо зардлыг гаргаж байна. Хувь авч гэрээ байгуулна гэдгээ ч ил цагаан хэлдэг болсон. Мод тарих зардалаа ийм хэлбэрээр олж буй энэ хөгийн ч гэмээр үйлдлийн цаана, үнэндээ хувь тохирч гэрээ байгуулж, тендер будилуулах ямар хялбархан гэдгийг дурдаад өнгөрөхөд бас гэмгүй.
Нөгөөтэйгүүр хичнээн мод ургуулах гэж хичээгээд мэргэжлийн заавар зөвлөгөө өгдөг мэргэжилтэн байхгүй хойно яалтай. ЕТГ-ын мэдээгээр модны чиглэлийн мэргэжилтэн улсын хэмжээнд 1000 хүрэхтэй, үгүйтэй гэсэн. Мэдээж энэ салбар манайд хэт амьдралгүй учраас мэргэжлээрээ ажиллаж байгаа нь нүдний гэм. 1000 хүн ийм мэргэжил эзэмшсэн гэдэг тоо гарсан ч, яг хэдэн хүн мэргэжлээрээ ажиллаж, тэрбум мод тарихад заавар зөвлөгөө өгөх боломжтойг судалсан тоо мөн л байхгүй.
Энэ мэтээр Төрийн тэргүүн нь тэрбум мод тарина хэмээн хөөрцөглөж, төрийн албан хаагчид хөөрсөн сэтгэлийг нь дарах гэсээр ургуулсан ч модгүй, ууландаа ч модгүй харамсаж халагламаар цаг ирэх вий дээ... У.Хүрэлсүх минь.

Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 105 мянган мод тариад байна
Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 105 мянган мод тариад байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ