25-40 насныхны дунд томуугийн өвчлөл нэмэгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 30 секунд

25-40 насныхны дунд томуугийн өвчлөл нэмэгдэж байна

Бага насныхны дунд ханиад томуугийн тархалт их байгааг иргэд цахим хуудастаа бичиж байна. Мөн уламжлалт болон эмэн эмчилгээ хийсэн ч ханиад эдгэхгүй олон хонож байгаа талаар сэтгэгдлүүдийг бичжээ. Тэгвэл энэ жил томуугийн улирал урт хугацаанд үргэлжилж байгаа төдийгүй хүүхдүүдээс гадна 25-40 насныхны томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа аж. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач их эмч Ч.Уртнасан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн долоо хоногуудад дараалан өсч байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж орны ачаалал эрс нэмэгдлээ. амбулаториор үйлчлүүлсэн хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүмүүсийн 89 хувийг 15 хүртэлх насныхан, тэр дундаа дөрөв хүртэлх насныхан 70 орчим хувийг эзэлж байгаа юм. Мөн хүүхдээс гадна 25-40 насныхны дунд томуугийн өвчлөл өндөр байна.

Амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь мөн 15 хүртэлх насныхан байна. Энэ удаагийн томуугийн өвчлөл бага насны хүүхдүүдийн дунд өндөр байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах ёстой. Вирусийн тандалтаас харвал томуугийн H1N1, А хүрээний H1N1, томуугийн В хүрээний вирус зэрэг давхар орчилд байна. Томуугийн В вирусийн тухайд тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд хүндрэл их үүсгэж, эдгэрэх явц удаашралтай байна.

Томуугийн вирусээс шалтгаалж хүүхэд болон жирэмсэн эх, чихрийн шижинтэй хүмүүс, архаг хууч өвчтэй тохиолдолд хүндрэх эрсдэл илүү өндөр байна.

Томуугийн улирал аравдугаар сараас ирэх жилийн тавдугаар сарыг дуустал явагддаг. Оргил үе нь арванхоёрдугаар сарын сүүлч, нэгдүгээр сарын эхэн. Covid-19-ийн цар тахлын хугацаанд нийгмийн хариу арга хэмжээний хувьд өндөр бэлэн байдалтай байсан учраас томуугийн улирлыг хэдхэн долоо хоногийн дотор бууруулсан.

Мөн өнгөрсөн 2020-2021 онд томуугийн өвчлөл маш бага байсан. Харин энэ жилийн хувьд цар тахлын дараа буюу бүх нийтийн арга хэмжээ олноор зохиогдож, хөл хорио цуцлагдсан учраас зуны улиралд ч томуугийн идэвхжилт өндөр байна. Одоо ч буураагүй. Тэгэхлээр энэ жил томуугийн улирал эдгэрэх явц удаан, сунжруу байна. Энэ жилийн хувьд өвчлөлийн дэгдэлтийн оргил үе эрт эхэлсэн. Цаашид дэгдэлт улам нэмэгдэх төлөвтэй байна. Хэдийгээр сургууль амарч, цэцэрлэгийн ирц буурсан ч халдварын тархалт буурахгүй байгаа нь эцэг, эх асран хамгаалагчидтай холбоотой.

Томчууд амны хаалтаа зүүхгүй, агаар дуслын замаар дамжих өвчнийг зөөвөрлөж, бага насны хүүхдэдээ дамжуулах эрсдэл их байна.

Учир нь томуугийн дэгдэлт өндөр идэвхжилтэй байх хугацаа урт байх төлөвтэй байна. Дараагийн нэг анхаарах зүйл бол хүмүүс вирусийн гаралтай томуу биш байхад вирусийн эсрэг эм ууж улам хүндрэх нөхцөл үүсгэдэг. Мөн хүүхдүүддээ дур мэдэж эм өгөх, антибиотек хэрэглэх тохиолдол ч гардаг. Энэ бүхэн маш буруу. Ханиалгаж байгаа тохиолдолд амны хаалтаа тогтмол зүүж, ам, хамраа зайлах чухал. Мөн шинж тэмдэг илэрч л байвал өрхийн эмнэлэгтээ үзүүлж, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Томуугийн вирусээр насанд хүрэгчид хөнгөн өвдөж байгаа ч хүүхдүүд хүндрэх эрсдэл их.

Бага насны хүүхдэд Covid-19-ийн үед илэрдэг бүх шинж тэмдэг илэрнэ гэдгийг анхаарч, эмчийн заавраар эмчилгээг хийх нь эдгэрэлтийг хурдасгана.

Вакцинжуулалтын тухайд улсын хэмжээнд хийж байгаа бөгөөд одоогоор нийт 442 мянган хүн хамрагдаад байна гэсэн юм.

Хятадын эдийн засаг эрчимтэй сэргэж байна
Хятадын эдийн засаг эрчимтэй сэргэж байна
 
Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар өсжээ
Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.