Герман улс ОХУ-ын эрчим хүчнээс хараат бус болсон гэдгийг тус улсын Сангийн сайд Кристиан Линднер хэлэв. Орос, Украины дайн эхэлснээс хойш Герман эрчим хүчний дэд бүтцээ төрөлжүүлэх арга хэмжээ авсан. Герман өмнө нь байгалийн хийнхээ тал хувийг, газрын тосныхоо гуравны нэгийг ОХУ-аас импортолдог байжээ. Гэвч ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ өнгөрсөн наймдугаар сард хязгаарлаж, Герман ч энэ оны эхэн үеэс газрын тосны импортоо зогсоосон.
“Мэдээж Герман улс өнөөдөр ч эрчим хүчний импортоос хамааралтай хэвээр байгаа. Гэхдээ Оросоос бол биш, дэлхий дахины бусад зах зээлээс эрчим хүчээ импортлох болсон” гэж Линднер хэлэв.
Эрчим хүчний өөр эх үүсвэр олох санаачилгын хүрээнд Герман улс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа дахин нээж, гурван атомын цахилгаан станцаа хаах төлөвлөгөөгөө түр хойш тавьсан. Мөн Норвеги, АНУ зэрэг өөр улсаас импортолсон байгалийн хийн хадгалалтыг сайжруулахаар хичээж байна.
Германд шингэрүүлсэн хийн шинэ терминалын бүтээн байгуулалтын ажил өрнөж буй. Энэ ажлын явц тун сайн байгааг Линднер Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр онцолжээ. Мөн дэд бүтцийн нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж. “Энэ бол Германы бодлогод асар их өөрчлөлт гарсны нэг жишээ. Бид канцлер Ангела Меркелийн эрин үеийн дараа өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ёстой гэдгийг ойлгосон. Түүний эринд өнгөрсөн үеийн давуу тал дээр төвлөрч байсан бол одоо бид ирээдүйн давуу талыг хөгжүүлнэ” гэв.