Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар -50...-53 градус хүрч хүйтэрч байжээ. Үүнээс хойш -50 градуст хүрээгүй байсан аж.
Харин өнгөрсөн шөнө Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрч хүйтэн хоножээ. Улаанбаатар хотын төв хэсгээр -35 градус, Туул голын дагууд -41 градус хүйтэн хонов.
Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхон, Сүхбаатар, Ерөө, Түшиг, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хүдэр, Бугант, Хушаат сумын нутгаар -40-46 градус хүйтэн хонолоо. Дундговь аймгийн нутгаар -31-36 градус хүйтэн хоножээ. Хамгийн хүйтэн нь Цагаандэлгэрт -36 градус, хамгийн дулаан нь Гурвансайханд -31 градус хүйтэн байв.
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна. Харин энэ сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр нэгдүгээр сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.
Эх сурвалж: ЦУОШГ