- Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоо 43.2 хувиар буурч, 1.39 сая болов
2022 онд Нийгмийн даатгалын сангийн орлого 3.53 их наяд төгрөг хүрсэн бол зарлага 3.43 их наяд төгрөг болж тус тус нэмэгдсэн байна.
Өнгөрсөн онд нэг сая 274.6 мянган хүн нийгмийн даатгалд хамрагдсан нь өмнөх онтой харьцуулахад 7.9 хувиар нэмэгджээ.
Нийгмийн халамжийн үйлчилгээнд нэг сая 396.6 мянган хүн хамрагдаж, тэдгээр иргэдэд 516.5 тэрбум төгрөг зарцуулсан байгаа нь өмнөх оныхоос 73.8 хувиар буурчээ. Энэ нь хуулиар 2022 оноос эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийгмийн халамжийн үйлчилгээнээс хассан нь нөлөөлсөн байна.
2022 онд ажилгүйдлийн тэтгэмжид 30.5 мянган хүн хамрагдсан нь 2021 онтой харьцуулахад 17 орчим хувиар нэмэгджээ.
Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо өсөж, 480.5 мянга хүрснээр гурван их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ дундаа 373.2 мянган хүн өндөр настны тэтгэвэр авсан нь өмнөх оноос 5.4 хувиар өсжээ.
Засгийн газар 2022 оны 63 дугаар тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн авч буй тэтгэврийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөг болгон тус тус шинэчлэн тогтоосон юм.
УИХ Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжээд байгаа бөгөөд хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцүүлэх хүлээлттэй байна. Хуулийн төсөлд тусгаснаар тэтгэвэр тогтоох дараалсан хугацааг 84 сар байсныг 60 болгон богиносгож тусгаснаас гадна тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмдэг байх тогтолцоонд шилжих хуулийн төсөл багтаж байна.