Угсармал 1,000 гаруй орон сууцны дулаан алдагдлыг бууруулбал нэг цахилгаан станцын эрчим хүчийг хэмнэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд

Угсармал 1,000 гаруй орон сууцны дулаан алдагдлыг бууруулбал нэг цахилгаан станцын эрчим хүчийг хэмнэнэ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай өчигдөр уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо.

Энэ үеэр 2020-2023 оны хооронд хэрэгжиж буй Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн талаар танилцуулав.

Уг төсөл нь нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгсэл болон үйлчилгээгээр хангах, хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацааны арга хэмжээг боловсруулах зорилготой. Энэ хүрээнд гэр хорооллын нарийн тоосонцрыг бууруулах зорилгоор таван халаалтын зуухыг буулган, төвлөрсөн дулаанд холбосон байна.

Мөн агаар, орчны чанарын хяналтын гурван иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлж, улсын өмчит сургууль, цэцэрлэгийг дулаалсан гэдгийг төслийн зохицуулагч Н.Баяртогтох танилцуулав. Түүнчлэн газрын гүний дулааны систем туршилтын төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгт төсөл хэрэгжүүлсэн нь үр дүнтэй байжээ.

Гэхдээ дулаан алдагдлыг бууруулсан ч тоолууржуулалтын системгүй, эзлэхүүнээр хэмждэг учраас төсөвт учирдаг хүндрэлүүд хэвээр байгаа тул тоолууржуулах хэрэгтэйг хэлж байлаа. Мөн газрын гүний дулааны системийн талаар стандарт байдаггүй учраас стандарт батлахад анхаарч байгаа аж.

Цаашид ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хоёр байршилд хийнэ. Мөн угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах ажлыг найман барилгад хийжээ.

Энэ ажлыг 2017 онд анх санаачилж, гэр хорооллын айлуудын байрыг дулаалж эхэлсэн нь үр дүнтэй байж, галлагааны давтамж 50 хувиар буурсан үр дүн гарч байсан аж. Улаанбаатар хотын хэмжээнд угсармал 1,000 гаруй орон сууц байдаг. Эдгээрийн дулаан алдагдлыг бууруулбал нэг цахилгаан станцын эрчим хүчийг хэмнэх тооцоо гарчээ.

10,000 айлыг орон сууцжуулах төсөл долоон жилийн хугацаанд хэрэгжинэ

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг дэд төвүүдэд хэрэгжүүлнэ. Тус төслийг зохицуулагч Б.Болд-Эрдэнэ танилцуулга хийлээ.

Төсөл долоон жилийн хугацаанд таван үе шаттай хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд гэр хорооллын 100 га талбарт 10,000 айлыг орон сууцжуулах юм. Нэгдүгээр үе шат нь 2022-2024 он хүртэл хэрэгжих бөгөөд Баянхошуу дэд төвийн чөлөөлөлт хийсэн газарт 260 айлын, Шархад дэд төвд 400 айлын орон сууц барих төлөвлөлтийг боловсруулжээ.

Хотын дарга одоо байгаа бодит нөхцөл байдлыг харж, бодитоор төлөвлөж, нийслэлд өр үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэйг сануулж, хариуцлагатай байж, эргээд эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатайг онцолж байлаа. Мөн дахин танилцуулахыг үүрэг болгов.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс

Дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ
Дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ