АН тамга дээр биш лидер дээр нэгдэнэ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 40 секунд

АН тамга дээр биш лидер дээр нэгдэнэ!

Ийм зүйр үг байдаг. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэж. Мэдээж, зүйр үг болгон үнэн үг биш. Гэхдээ Ардчилсан намын өнгөрсөн гурван жилийн үйл явдлыг дүгнэхэд энэ зүйр үг илүү нийцэж мэднэ.

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намынхан цуглаж суугаад шинэ дарга тодруулав. ҮБХ-ны 152 гишүүний саналаар Л.Гантөмөр АН-ын тамгыг атгахаар болжээ. Гэхдээ Улсын дээд шүүх бүртгэсний дараа л тэрбээр АН-ын дарга гэж бичигдэнэ, албан ёсоор тамга атгана.

УИХ-ын сонгуулиас хойш АН тав дахь даргаа тодруулж буй нь үнэн юм. Гэхдээ, хоёр хуваагдсан сөрөг хүчин нэгдэж, нийлээд УДШ-д бүртгүүлсэн намын дүрмийнхээ дагуу шинэ даргаа тодруулсан нь энэ юм.

Нэг.

Нэгэн цагт АН-ын дайсан нь Х.Баттулга, аврагч нь С.Эрдэнэ байсан, үнэн. Гэвч өнөөдөр АН-ын бул хар чулуу нь С.Эрдэнэ болжээ. Х.Баттулгаас АН-ыг хамгаалж, харамлаж авч үлдсэнээрээ С.Эрдэнэ гавъяатай. Эсрэгээрээ Ардчилсан нам улс төрийн утсан хүүхэлдэй болж хувирсанд С.Эрдэнийн гай их. Харамсалтай нь, тэр өнөөдөр Л.Гантөмөрийгөө АН-ын дарга биш гэж ахиад цоллож, шүүмжилж байна.

Бурхан Буддаа АН-ын даргаар сонгогдлоо ч С.Эрдэнэ хүлээн зөвшөөрөхгүй нь үнэний ортой. Гэхдээ С.Эрдэнэ АН-ын өмчлөгч биш, АН С.Эрдэнийн хувийн компани биш. С.Эрдэнэ АН-ын мянга, мянган гишүүний нэг.

Ардчилсан нам шинэ даргаа тодруулснаар С.Эрдэнийн АН, Х.Баттулгын АН гэж байхгүй болсон. Харин байлгах сонирхол гадаад, дотоодын улс төрийн нам, улстөрчдөд байж мэднэ. Ардчилсан нам эргэж сэргэх нь Монголын ардчилал тустай. Өөрөөр хэлбэл, авлига, хулгай, луйварт баригдсан эрх баригч намд хяналт тавьж чадах хүчтэй сөрөг хүчин ус агаар мэт хэрэгтэй байна. ЖДҮ, жаран тэрбум, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргүүд нэг нам дангаараа зургаан жил засагласны үр дагавар. МАН засгийн эрх авснаас хойш Монгол Улс авлигын индексээр 24 байр ухарч, 110 дугаар байрт жагсаж байна. Энэ тоо бол Монгол авлига, хулгайдаа хэрхэн идэгдсэний нотолгоо.

Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүх Л.Гантөмрийг АН-ын дарга гэж бүртгэх юм бол С.Эрдэнэ мянга эсэргүүцээд нэмэргүй. Хэрэвзээ Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэхгүй аваас С.Эрдэнэ мянга дэмжээд явахгүй. Хамгийн гол, хамгийн чухал шийдвэрийг УДШ гаргана гэсэн үг.

УДШ-ээс АН-ын даргаар сонгогдсон хүмүүсийг удаа, дараа бүртгэхээс татгалзсан, аль аль талын намын хүсэлтийг буцаасан. Энэ удаад Л.Гантөмөрийг АН-ын албан ёсны даргаар бүртгэх эсвэл амны зунгаа төдий болгох үгүйг УДШ шийднэ. УДШ улс төрөөс хараат уу, хараат бус уу гэдгийг харах үлдэж байна.

Хоёр.

АН-ыг авч явж чадна гэж Л.Гантөмөрт АН-ынхан энэ удаад итгэл үзүүллээ. Гэвчиг намын дарга хийх, үзэл санааны манайлагч болох өөр. Монголд хүчтэй сөрөг хүчин, ардчиллын манлайлагч хэрэгтэй болохоос АН-ын нэрээр албан тушаал горилогч, тамга атгагч хэрэггүй. АН-ын дарга болно гэдэг ямба эдлэхийн нэр биш юм. Нэг нам үнэмлэхүй засаглаж буй энэ үед Л.Гантөмөрт илүү хүнд ачаа ирж байна гэсэн үг.

Л.Гантөмөр Ардчилсан намын дарга болоход асуудалгүй, амархан хийчих биз. Харин ардчиллын манлайлагч, үзэл санааны тээгч болох эсэх нь өөрөөс нь, өөрийнх нь харизм, характераас хамаарна. Япон школтой, боловсролтой, мундаг залуу… Энэ имижээр хол явахгүй, иргэдээс санал цуглуулж чадахгүй.

Гишүүд, дэмжигчид нь төдийгүй нийгэм, улс төр түүнээс илүү ихийг хүсч байгаа. Хүлээлтэд хүрэхгүй аваас С.Эрдэнэ шиг намаа хуваана, талцуулна, улс төрийн карьер нь дуусна. Ардчилсан намд өнөөдөр амбицаас их юм алга. Харин эв нэгдэл, үнэт зүйл, үзэл санаа үзээд өгье гэхнээ байхгүй байна. Үүнийг Л.Гантөмөр бий болгох ёстой, АН-ын мануухай биш болохоо харуулах шаардлагатай. АН-ыг сэргэж, шинэчлэхэд манлайлах нь түүний үүрэг болсон.

Ардчилсан намын нэр хүнд шавартай хутгалдаж, хоёр том гүрний дунд, орших Монголын ардчилал хутганы ирэн дээр ирсэн, хүний эрх, эрх чөлөө улам хумигдаж буй жинхэнэ амаргүй нөхцөлд Л.Гантөмөр сөрөг хүчнийг зална, чиглүүлнэ. Түүний хэн болж чадахаас АН төдийгүй Монголын ардчилал хамаарна гэсэн үг. Л.Гантөмөр туг баригч уу, тугал хариулагч уу. Харах л үлдэж байна. Учир нь, АН тамга дээр биш лидер дээр нэгдэнэ.

Сэрэмжлүүлэг: Хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтэж, нас баржээ
Сэрэмжлүүлэг: Хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтэж, нас баржээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ