Өмгөөлөгч Б.Баасанцогтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулах хугацааг сунгаж шийдвэрлэсэн.
Түүний өмгөөлөгчид Б.Баасанцогтыг батлан даалтад гаргахын тулд дээд шатанд буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянан хэлэлцээд, энэ сарын 13-ны өдөр батлан даалтад гаргажээ.
Тагнуулын ерөнхий газраас Б.Баасанцогттой холбоотой мэдээлэл хийж, нэр бүхий улстөрчийн биед халдахаар завдаж байсан хэмээн мэдэгдсэн.
Улмаар Эрүүгийн хуулийн 19.8-д заасан экстримист буюу хэт даврах үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан Монгол Улсын таван иргэнийг саатуулж, шалгаж байна. Дээрх иргэд нь экстримист үйл ажиллагаа явуулахаар олон хоног төлөвлөсөн байсан. Тухайлбал, байлдааны зэвсэг болон бусад галт зэвсэг хадгалж байсан гэж үздэг.
Мөн АК47 маркийн серийн дугаар арилгасан буу, ХТ50 маркийн гар буу болон бүртгэлгүй галт хэрэгсэл, нийт 847 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл байсныг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Тэднийг нэр бүхий улстөрчдийн биед халдахаар бэлтгэж байсан гэдгийг ТЕГ-аас мэдээлсэн билээ.