Улаанбаатар хотын замын хэт их ачааллыг бууруулах зөөлөн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд иргэдээс санал авч байна. Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан 13 асуулт бүхий авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай санал асуулгыг зохион байгуулж байгаа юм.
Улаанбаатар хотын нягтаршил ихтэй байршлуудад их багтаамжийн авто зогсоол шинээр байгуулах, Албан байгууллага, аж ахуйн нэгжийн авто зогсоолын эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд төлбөрийн уян хатан тогтолцоонд шилжих, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх ажил, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох зэрэг хэд хэдэн шийдлүүд дээр санал авч байна. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж, автомашин худалдах, худалдан авах эрэлт, нийлүүлэлтийг зохицуулснаар автомашины хэрэглээг зохистой түвшинд хүргэж, замын ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулна гэж үзжээ. Иймд иргэн та www.ulaanbaatar.mn/votes холбоосоор нэвтэрч, санал асуулгад оролцох боломжтой.
Зургаадугаар сарын 1-н хүртэлх хугацаанд цахим санал асуулгыг авна.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар