Авлигатай тэмцэх газраас /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Уг жагсаалтад УИХ-ын гишүүн А.Анандбазар, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нарыг нүүрсний хулгайтай холбоотой байж болзошгүй талаар хуулийн байгууллагаас мэдээлж байв. Гэтэл нүүрсний хэргээр хуулийн байгууллагад шалгуулж буй УИХ-ын гишүүдийн заримыг нь яллагдагчаар татжээ. Тиймээс энэ удаа нүүрсний "хулгайн” хэргээс мултарсан УИХ-ын гишүүдийг нэрлэж байна.
Д.БАТ-ЭРДЭНИЙГ ШАЛГАХ АСУУДАЛ ЯРИГДСАН Ч ҮГҮЙСГЭЖ БАЙВ
АТГ-аас 2023 оны хоёрдугаар сарын эхээр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Эрүүгийн цагдаагийн газрын шалгаж байгаа хэрэг дээр яллагдагчаар татагдсан. Уг хэргийг АТГ-ын мөрдөгчид хамтран шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлсэн юм.
Харин тэрбээр нүүрсний хэргээр түүнийг шалгах асуудал яригдсан ч үгүйсгэж байсан юм. Өмнөговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, парламентын гишүүнээр гурван удаа сонгогдсон Д.Бат-Эрдэнийг "Ажнай" нэрээр нь хүмүүс андахгүй.
Уул уурхайн салбар дахь Монголын толгой бизнесмений нэг бөгөөд Өмнөговь аймгийнхаа төсөвт багагүй нэмэр оруулдаг улстөрч гэгддэг ч нүүрсний асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулж болзошгүй УИХ-ын гишүүний тоог нэмж болзошгүй байна.
"БИ ДОЛДУГААР АНГИАСАА ХОЙШ НҮҮРС ГЭЖ МЭДЭХГҮЙ"
Нүүрсний хэрэгт холбогдсон таван УИХ-ын гишүүн /2022.12.14 / Авлигатай тэмцэх газрын үүдэнд мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ярихдаа "Өнөөдөр их сайн юм болж байна. Нүүрсний хулгай удаан үргэлжлэх байх. Ард түмэн ядуу амьдарч байхад ийм том хулгай хийнэ гэдэг байж болохгүй. Цаашдаа энэ асуудал удаан үргэлжлэнэ. Бид нэр төрөө сэргээлгэж авъя. Ард түмэнтэйгээ нийлж, нүүрсний хулгайчдыг илрүүлнэ. Ядарсан ардын зээлийг нүүрсний хулгайчдын мөнгөөр төлүүлнэ. Зарим УИХ-ын гишүүд ядарсан иргэддээ гэр өгнө гэж байгаа. Миний хувьд иргэдийн ипотекийн зээлийг нүүрсний хулгайн мөнгөөр төлүүлэх хуулийн төслийг ирэх жил өргөн барина. Огт хамаагүй УИХ-ын гишүүдийг яаж олж чадсан юм гэмээр ийм сонин баримт дэлгэлээ. Биднийг энэ хэрэгт холбож, нэрсийг зарласан. Би долдугаар ангиасаа хойш нүүрс гэж мэдэхгүй гэдгээ хэлсэн. Зарим хүмүүс их шоолж байна лээ.
Бизнесийн хүнд өөрийн эрхэмлэдэг зан чанар гэж бий. Би хулгай гэдгийг үзэн яддаг. Тиймээс энэ гүтгэлгийг буцааж, ард түмэнтэйгээ нийлж, бүлэг дотроо нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна. Ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ.
Би бүлэг дээр нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Намайг хүчирхийллийн хэрэгт холбосон. Цаанаасаа захиалгатайгаар жинхэнэ хулгайчийг олон ард түмний итгэлийг мухардуулж байгаа нэг арга. Тэглээ гээд бид бууж өгөхгүй. Ард түмнээсээ сонгогдсон гишүүнийхээ хувьд хамтран тэмцэнэ. Унтаж байгаа баавгайг сэрээсэн тэр хулгайч нартай өөрсдөө гомдох цаг ирнэ. Магадгүй УИХ-ын сонгуулийн ажил эхэлсэн байх. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Булган аймагт нэр дэвшинэ гэхэд 10-хан хоногийн дотор сайдын суудлаас унагасан. Булганд их хүчтэй гар бидний эсрэг явж байна. Бид их гайхаж байна. Тэр аймагт нэг ч нүүрсний уурхай байдаггүй" гэж байв.
"ХЭРВЭЭ БИ ХУЛГАЙ ХИЙСЭН БОЛ ШУУД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ"
Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Далд эдийн засаг дотор нүүрсний хулгай орж байгаа. Би энэ асуудлыг ил болгох тухай байнга ярьдаг. Надад сануулга өгөх гэж байгаа юм уу. Миний нэрийг зарласан байна. Би тэр Тавантолгой гэдэг газрыг мэдэхгүй. Хэрвээ тэнд очвол хүнээр заалгаж очно. Энэ олон хулгайч нарын шуналыг хөдөлгөсөн олон толгой байдаг юм гэсэн. Ухаа худаг, баруун, зүүн Цанхи ч гэл үү. "Эрдэнэс Тавантолгой" компанийн оффис нь хаана байдаг юм. Б.Ганхуяаг гэдэг нөхрийг зүс танина.
Надад хийсэн нүүрсний гэрээ, тээврийн машин байхгүй. Би яагаад энэ хэрэгтэй нэр холбогдож байгаа юм бэ. Би чуулган дээр "Энэ хулгайчуудын цаана жинхэнэ эзэд нь байгаа" гэдгийг хэлсэн шүү дээ.
Одоо бид АТГ-ын албаныхнаас хүний нэр төрд халсан талаар асуух гэж байна. Миний ХОМ-тээ мэдүүлсэн "Тэс петролиум" компани Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хоёр гурван ШТС-ууд нь бий. Тэнд явдаг машинууд шатахуун түгээх станцаас гэрээ хийж, мөнгөө шилжүүлээд шатахуунаа худалдаж авдаг. Өөр надад юу ч байхгүй. Хэрвээ би хулгай хийсэн бол шууд хариуцлага хүлээнэ. УИХ-ын бүрэн эрхээсээ түдгэлзэнэ" гэж хэлсэн.
"БИ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЭГҮЙ ГЭДЭГТЭЭ 100 ХУВЬ ИТГЭЛТЭЙ БАЙНА"
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Хилийн тагнуулын байгууллага Хил хамгаалах ерөнхий газарт байсан юм. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-аас хууль гаргаж, хилийн тагнуулын байгууллагыг татан буулгасан юм. Одоо Тагнуулын ерөнхий газрын бүтцэд байдаг. Хилийн шалган нэвтрүүлэх албыг татан буулгаж, чиг үүргийг нь энгийн байгууллагад шилжүүлсэн. Би бас ажлаа хүлээлгэн өгсөн. Би гомддоггүй. Өнгөрсөн хугацаанд 2016 оны наймдугаар сар хүртэл ажилгүй байсан. Ажилгүй хүн Монгол Улсад бүртгэлтэй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аль ч аж ахуйн нэгжид ажиллаж, цалин авах эрхтэй.
Тиймээс би "Импар газ" компанид ажиллаж, цалин авч байсан. Энэ компани байгалийн хий, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг байсан. Нүүрстэй ямар ч холбоо байхгүй. Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна.
Хуулийн байгууллага шалгаж тогтооно. Би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Нэр төрөө сэргээлгэхдээ үнэлж, надаас маш олон тойргийн гишүүд гэр хүсдэг юм. Тэр хүсэлтийг нь биелүүлнэ. Намайг харлуулах зорилготойгоор хэвлэл мэдээллээр хэд хэдэн удаа худал мэдээлэл цацсан. Тэр хүнийг нь би мэдэж байгаа. Тэр хүнд хандаж, үг хэлсэн" гэдгийг хэвлэлээр дамжуулан хэлсэн.
Нүүрсний хулгайд дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар нэр холбогдоод байна. Үүнд:
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
- УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
- Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
- “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
- "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
- Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс одоогоор багтаж байна.