Жил бүрийн “Музейн нээлттэй өдөр” уламжлалын дагуу улс даяар Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд энэ сарын 1-5-ны өдрүүдэд үнэ төлбөргүй ажиллах талаар Соёлын яамнаас мэдээлсэн. Харин ганцхан Чингис хаан Үндэсний музей тусгай хөтөлбөрөөр буюу зөвхөн ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЕБС-ийн 17, 18 настай сурагчдад үнэ төлбөргүй үйлчлэх талаар өчигдөр тус музейн олон нийттэй харилцах ажилтан мэдээлж байв.
Харин өнөөдөр буюу гуравдугаар сарын 2-нд тус музей “Гуравдугаар сарын 5-н хүртэл өдөр бүр 9:00-16:00 цаг хүртэл үзэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчилнэ” хэмээн мэдээллээ.
Монгол орон даяар өрнөж буй “Музейн нээлттэй өдрүүдийн” эхний өдөр:
- “Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүх” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн,
- "Үнэт эрдэнийн чулуу" сэдэвт маркийн анхны өдрийн нээлт,
- Бэлгэт гөрөөс хэвлэх, Буган чулуун хөшөө хэвлэх,
- Хүннүгийн нар саран шүтээн ил захидлын хөтөлбөр,
- Луун хээтэй аяганы хээг барлах хөтөлбөр хэрэгжүүлжээ.
Өчигдөр Чингис хаан Үндэсний музейгээр нийт 2007 хүн үйлчлүүлснээс 30 хувь нь хүүхэд байжээ.