"ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" булангийн энэ удаагийн дугаарт гар утасны зах зээлийн өрсөлдөөнийг онцолж байна.
Ухаалаг гар утас үйлдвэрлэлийн зах зээлд АНУ, Өмнөд Солонгосын олон жилийн давамгайллыг давж, Хятадын үйлдвэрлэгчид хүч түрэн орж ирж байна. Өнгөрсөн жил нь "Apple" болон "Samsung" компанийн аль алиных нь хувьд түүхэнд байгаагүй муу борлуулалттай жил болсон.
Дэлхийн гар утасны хамгийн том шоу өнгөрсөн долоо хоногт Барселонд болсон бөгөөд энэ үеэр Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн анхаарал татсан бүтээгдэхүүнүүд болон шинэ загваруудаа танилцуулсан.
Тодруулбал, дэлхийн дөрөв дэх том ухаалаг гар утас үйлдвэрлэгч болсон Хятадын "Oppo"компани "Find N2 Flip" гэх эвхэгддэг ухаалаг утсаа гаргасан бөгөөд үнэ нь 1000 ам.доллараас эхэлж байна. Тус компанийн дотоодын өрсөлдөгч "Xiaomi" компани мөн 1000 ам.доллар давсан үнэтэй "Xiaomi 13", "Xiaomi 13 Pro" утаснуудаараа үзэсгэлэнд оролцжээ. Хятадын харилцаа холбооны аварга "Huawei" группээс гарсан "Honor"компани "Magic Vs" нэртэй 1690 ам.долларын үнэтэй эвхэгддэг ухаалаг гар утсаа худалдаанд гаргав.
Хятадын компаниуд нэгнээсээ уралдан 1000 ам.доллар давсан үнэтэй ухаалаг утаснуудаа танилцуулсан нь олон жил гар утасны зах зээлд хямд үнийг санал болгож хэрэглэгчдийг татаж ирсэн давуу өрсөлдөөнөөс зайлсхийх стратеги гэж харж байна.
“Oppo", "Xiaomi", "OnePlus", "Vivo", "RealMe" болон бусад олон компаниуд дэлхий даяар борлуулалтаараа ноёрхдог "Apple", "Samsung"-тай зэрэгцэн зах зээлд байр сууриа баталгаажуулахын тул давуу талаараа илүүрхэхийг хичээж байна" гэж "CCS Insight"-ийн судалгааны ахлагч Бен Вүүд дүгнэжээ.
Цар тахлын дараа 2022 онд ухаалаг утасны зах зээл уналтад орж, үйлдвэрлэгчид 2013 оноос хойших хамгийн бага борлуулалттай жил болсныг тайландаа дурдсан. Гэхдээ өндөр технологийн 800 ам.доллараас дээш үнэтэй ухаалаг утасны худалдан авалт 2020 онд нийт борлуулалтын 11 хувийг эзэлж байснаа 2022 онд 18 хувь болж өссөн байна. Үүнийг Хятадын үйлдвэрлэгчид гярхай ажиглаж, өөрсдийн өрсөлдөөний орон зай гэж харж байна.
Гэхдээ 2022 онд Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч "Realme", "Oppo", "Xiaomi" зэрэг компаниудын Европын зах зээлд эзлэх хувь буурсан бол "Apple", "Samsung" компаниуд харьцангуй тогтвортой байжээ.
Тиймээс Хятадын үйлдвэрлэгчид дотоодын зах зээл нээгдэж буйд илүү найдлага тавьж байна.
Хятад улс өнгөрсөн арванхоёрдугаар сард цар тахлын эсрэг хамгийн хатуу хязгаарлалтын журмаа цуцалснаар хилээ нээж эхэлсэн нь ухаалаг утас үйлдвэрлэгчид илүү таатай нөхцлийг бүрдүүлж өгчээ. Хятад хилээ нээснээр ирэх нэг жилийн хугацаанд тус улсыг зорих бизнес эрхлэгчид, жуулчдын урсгал огцом нэмэгдэнэ гэж харж байгаа бөгөөд энэ нь ухаалаг утас үйлдвэрлэгчдэд том боломж болох гэнэ.