“ЗГ дэмжвэл иргэд 0,07 га газрын эрхээрээ орон сууцтай болох боломжтой”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
27 минут 1 секунд

“ЗГ дэмжвэл иргэд 0,07 га газрын эрхээрээ орон сууцтай болох боломжтой”

“Бидний газар бидний ирээдүй “ НҮТББ-ын Гүйцэтгэх Захирал Б.Батсайхан

– “ Урьдчилгаагүй, бага хүүтэй 30 мянган айлын орон сууцны ипотекийн зээл" төслийн тухай фэйсбүүкээр танай ТББ танилцуулаад байна. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

– Манай улс сүүлийн 20 жилд “40 мянган айлын” болон “ 100 мянган айлын орон сууц” төслийг амжилттай хэрэгжүүлж, олон ч айл өрх тохилог шинэ орон сууцтай боллоо. Одоо ч үргэлжлүүлэн олон мянган айлын орон сууцны төслүүд амжилттай хэрэгжиж байх шиг байна. Хүмүүс орчин үеийн орон сууцанд орж, амьдрах орчин нь сайжирч байгаа нь таатай л хэрэг. Гэвч нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэлийг шийдэх шийдлийг эдгээр орон сууцны төслүүдтэй анхнаас нь уялдуулж, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх ажил орхигдсоноос болж эдгээр төслүүд зөвхөн бизнесийн ашиг хөөцөлдсөн төслүүд болчихлоо. Бүр сүүлдээ “ бетонон ширэнгэ “ гэсэн албан бус хэллэг ч гарсныг та бүхэн хүлээн зөвшөөрөх биз.

– Бас сургууль цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн халамжийн асуудал ч орхигдсон шүү дээ…

– Яг үнэн. Эмнэлэг, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ ч бас тулгамдсан асуудал хэвээрээ байгаа. Үүнтэй зэрэгцээд ипотекийн зээлд хамрагдах иргэдийн хүрээ ч хумигдаж байна. Иргэд тохилог орчин үеийн орон сууцанд хамрагдах дургүйдээ ч биш л дээ. Зүгээр л тийм боломжтой иргэд хязгаартаа тулчихаж. Тэгээд ч ковидын үед хүчээ авсан барилгын материалын үнийн өсөлт , инфляци мөнгөний ханшны уналтаас шинэ хуучин гэлтгүй бүх орон сууцны үнэ өсч үүнийгээ дагаад урьдчилгаа төлбөр төлөх чадвартай иргэд байхгүй боллоо. Ийм нөхцөлд ипотекийн зээлийн хүү 8 хувь байна уу, 6 хувь байна уу, эсвэл бүр бага байлаа гээд ямар ч ялгаагүйн зүгээр л урьдчилгаа төлбөр төлж шинээр зээлд хамрагдах иргэд байхгүй байна. Урьдчилгаа төлбөр төлөх чадвартай иргэд нь орон сууц авч бусаддаа хөлслүүлдэг ийм л байдалтай нүүр тулж байна. 100-200 орон сууцтай хүн ч байна гэх мэт үнэмшихэд бэрх мэдээлэл хүртэл байна шүү дээ.

– Гэхдээ улсаас урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг хөнгөлөх, хөдөө орон нутаг руу шилжиж ажиллах төрийн албан хаагчдын шинэ орон сууцны урьдчилгаа төлбөрийг төр хариуцах гэх мэтийн шийдэл УИХ, Засгийн газрын түвшинд яригдаж байгаа шүү дээ?

– Тэгээд хэдэн хүний, хэдэн айлын урьдчилгааг төр хариуцах юм. Энэ тэгээд шийдэл, гарц мөн үү. Тэрний оронд Засгийн газар манай төслийг дэмжсэн нь хамаагүй илүү үр дүнтэй байх болно. Тиймээс ч бид төслийн товч танилцуулгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эдэнэд хүргүүлсэн байгаа.

– Танай төрийн бус байгууллагад ямар гарц шийдэл байгаа юм бэ?

– Бидний гарц шийдэл гэхээсээ өмнө ганц хоёр зүйлийг сануулмаар байна. Ковидын өмнөх үеийн тоо баримтаас харах юм бол …..100 мянган айлын орон сууц төслийн хүрээнд , гэр хорооллоос олон мянган айл орон сууцанд оржээ. Гэтэл ердөө л 5000-6000 орчим янданг буулгасан гэх гунигтай статистик байна. Нэг айл орон сууцанд ороход хашаанд нь өөр айл ирээд л үргэлжлүүлэн гал түлж УТАА үйлдвэрлэлийг нь идэвхтэйгээр үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл, утаа, агаар хөрсний бохирдолтой тэмцэх зорилго нь гараан дээрээ гацсан ийм л төсөл хэрэгжээд дуусч.

– Тэгвэл . . .

– Бидний санал болгох төсөл ирэх 7 жилд хэрэгжсэнээр 20 мянган айл өрх шинэ тохилог орон сууцанд орж 10 мянган айл төвлөрсөн шугам сүлжээ бүхий газарт шинэ хашаа авч хувийн орон сууцаа шинээр барих юм . Дээрх 20 мянган өрх айлын 10 мянга нь гэр хорооллоос үлдсэн 10 мянга нь өөрийн гэсэн орон сууцгүй иргэд, залуу гэр бүлүүд байх юм. Эдгээр иргэд ирээдүйд өмчилж авах боломжтой 0,07 га газрын эрхээрээ нэгдэн нийлж өөрсдийн гэсэн газрын сантай болж энэ газрын сан дээр нь тулгуурлаад бид гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нартай хамтран шинэ хороолол, дагуул хот барих юм. Хэрвээ иргэд ганц нэгээрээ эсвэл ганц нэг зуугаараа нийллээ ч ийм төсөл хэрэгжих боломжгүй. Харин 30 мянган иргэн нэгдэж , ядаж 2100 га газрыг энэ төсөлд зориулах юм бол манай төсөл хэрэгжих бүрэн боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гараад байна. Тиймээс бид энэ төсөлд нэгдэх хүсэл сонирхолтой 30 мянган хүнийг бүртгэж гэрээ хийгээд , өмчилж авах газраа нэг дор нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр нийслэл Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтөнд тусгуулах хүсэлтэй байна. Сая хэд хоногийн өмнө Засгийн газраас өргөн барьсан “ Газрын тухай “ багц хуулийн төслөө буцаан татаж авах үеэрээ Барилга хот байгуулалтын Сайд Ц.Даваасүрэн энэ талаар ярьсан шүү дээ. Улаанбаатарын төлөвлөлтийг шинээр хийнэ гэж. Энэ бол манай төсөл яг л цаг үеэ олсон төсөл шүү гэж бид олзуурхаж байгаа. Шинэ хот төлөвлөлтөнд манай төслийг тусгачихвал нийслэлийн гэр хорооллоос 20 мянган нүхэн жорлон, 20 мянган яндан бодитоор байхгүй болно шүү дээ. Бас энэ 20 мянган айлын газар чөлөөлөгдөнө. Харин 20 мянган айл маань шинэ төлөвлөсөн газартаа очиж суурьшина.

-Хэн энэ төсөлд нэгдэх боломжтой вэ?

– Нэгдүгээрт , гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдах боломжгүй алслагдмал байршилтай гэр хорооллын иргэд, хоёрдугаарт гэр хороололд амьдардаг боловч орон сууцанд орох сонирхолгүй харин ч хашаандаа төвийн шугам сүлжээ холбуулаад өөрийн гэсэн хувийн орон сууцаа халаалт дулаантай, цэвэр бохир усны шугамтай болгон хувийн хашаа байшиндаа амьдрах хүсэлтэй иргэд, айл өрхүүд. Гуравдугаарт, өөрийн гэсэн хашаа байшин, орон сууц байхгүй иргэд, гэр бүлүүд энэ төсөлд хамрагдах боломжтой. Хамгийн гол нь эдгээр иргэд, айл өрхүүд өмнө нь орон сууцтай байгаагүй, ипотекийн зээлэнд хамрагдаж байгаагүй байх ёстой. Түүнчлэн одоо ипотекийн зээлэнд хамрагдах гэхээр банкны шалгуурт тэнцдэггүй, урьдчилгаа 30 хувийн төлбөрөө хуримтлуулж чадахгүй байгаа иргэд, айл өрхүүд байх юм.

-Яагаад заавал гэр хорооллын алслагдмал бүсийн айл өрхүүд гэж?

-Гэр хорооллын төвийн болон дунд бүсийн айл өрхүүд нь зам, дэд бүтцэд харьцангуй ойр байршилтай тул “Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд “ хамрагдах ирээдүйтэй, боломжтой. Харин алслагдмал бүсэд амьдарч байгаа гэр хорооллын айл өрхүүдийн хувьд “ гэр хорооллын дахин төлөвлөлтөнд” хамрагдах боломж ирээдүй тун бүрхэг. Шуудхан хэлэхэд ойрын 20-30 жилдээ л лав ийм боломж харагдахгүй байна. За ер нь л ямар ч боломжгүй биз.

-Алслагдмал бүст нийслэлийн аль хэсэг орно гэсэн үг вэ?

– Жишээлбэл, Хайлааст , Чингэлтэй, Баянхошууны уулан дээр , эсвэл Орбит, Баянхошуу, Баруун, зүүн салааны эцсийн мухар, Толгойтын эцэст байгаа айлууд хэзээ “дахин төлөвлөлтөнд" хамрагдана гэж найдах вэ. Худлаа л биз дээ, гашуун ч гэсэн үнэн. Гэтэл эдгээр бүсэд байгаа айлууд бол яг Улаанбаатарын салхин дээр байрлаж утаа үйлдвэрлэж байна.

-Алслагдмал бүст амьдарч байгаа айлууд төлбөрийн хувьд ипотекийн зээлд хамрагдах боломжгүй, урьдчилгаа 30 хувь байхгүй учраас л гэр хороололдоо амьдраад байгаа шүү дээ?

– Монгол Улсын иргэд 0,07 га буюу 700 м2 газар нэг удаа өмчилж авах эрхтэй. Энэ эрхээрээ л нэгдэе гэсэн санаа хамгийн гол нь. Жишээ авъя, хоёр хүүхэдтэй айл байна. Нөхрийнхөө нэр дээр байгаа хашааны газраа энэ төсөлд нийлүүлэхээр гэрээлнэ. Нэмээд эхнэр нь ирээдүйд өмчлөх 0,07 га газрынхаа эрхээр хамтраад гэрээнд нэгдэх юм. Ингээд энэ айл орон сууцныхаа үнийн дүнгийн 60 хувийг төлчихсөн гэсэн үг, үлдэгдэл төлбөрөө 20-30 жилийн хугацаанд нэг жилийн 6 хувийн хүүтэй төлөх гэрээ хийнэ. Харин 2 хүүхдийнх нь 0,07 га газар ирээдүйд өмчлөх эрх нь энэ гэр бүлд үлдэнэ. Өөрөөр хэлбэл, дахин төлөвлөлтөнд хамрагдах боломжгүй газарт байрлалтай хашаа байшинтай, эсхүл урьдчилгаа 30 хувийн төлбөрөө хуримтлуулж чадахгүй байгаа гэр бүлүүдэд л энэ боломжийг өгч байгаа төсөл юм. Бас өөрийн гэсэн орон сууцгүй гэр бүлүүд, ганц бие залууст ч гэсэн боломж олгож байна аа гэсэн үг.

– Гэхдээ газраа авмаар байгаа иргэд байгаа л байх даа?

– Уг нь бол хуулиараа нийслэлийн иргэд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчилж авахдаа 21 аймаг 330 суманд газар өмчлөх эрхтэй. Гэтэл энэ хууль батлагдаад 21 жил болоход хэрэгжилт нь улсын хэмжээнд 20 хувьтай л байна. Ихэнх нь нийслэл, аймаг сумын төв дэх хашааны газраа л өмчилж авчээ. Хамаг газрыг маань сум дүүргийн газрын албаныхан л мэдэж байна шүү дээ. Одоо та нар хар л даа, Гачууртын Шар хоолой тэр чигээрээ гэр хороолол, нүхэн жорлон болсон. Тахилт, Баянголын ам, Толгойтын баруун, Зүүн салаа , Баянхошууны хөтөл , Өлзийт хороолол гээд л сүүлийн 20 жилд шинээр бий болсон нүхэн жорлонгийн бүхэл бүтэн хорооллууд. Удахгүй Гачууртын цаад талын Их Хуандай, бага Хуандайн ам ч бас ийм болно. Нүхэн жорлонтой, нүүрсэн галлагаатай ийм хорооллуудыг дэмжхээ одоо болих цаг болсон. Төлөвлөлтийг нь Иргэдийн хурал хийдэг нэртэй боловч яг үнэндээ эцсийн шийдийг Засгийн газар гаргаж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг улс даяар баталдаг. Гэхдээ одоо байгаа хурдаараа болон төлөвлөлтөөрөө иргэд хэзээ тэр 0,07 га газраа авах нь тун чиг тодорхойгүй байна. Тэгээд ч тэр газар нь ийм үнэд хүрэхээр газар байх уу. Ер нь одоо нийслэлд зуслангийн гэх зориулалттай газар олголтыг шууд хориглох хэрэгтэй. Зөвхөн дарга эрх мэдэлтнүүд л дуртай газраа авч байдаг ийм хогийн хөгийн тогтолцооноосоо одоо салцгаах цаг нь болсон шүү …

– Тэгээд энэ боломж тааруу айлууд маань үлдэгдэл төлбөрөө төлж чадах уу. Эсвэл 0,07 га газар өмчлөх эрхээрээ шууд байр сольж авах юм уу?

-Бид урьдчилсан тооцоогоо энд хавсаргаж харуулъя. Газар өмчлөх нэг эрхээр 1 өрөө байрны зээлийн төсөлд хамрагдлаа гэхэд газрын эрхээ 8400 ам.доллар буюу өнөөгийн ханшаар 29,4 сая төгрөгөөр үнэлүүлж байрны төлбөрөөс хасуулна. Үлдэгдэл 68,8 сая төгрөгийн төлбөрөө жилийн 6 хувийн хүүтэйгээр төлнө гэвэл 20 жилийн зээлээр сард 492 мянган төгрөг, 30 жилийн зээлээр сард 411 мянган төгрөг төлнө.

0,07 га хоёр газар өмчлөх эрхээр бол арай бага 235-281 мянган төрөгний төлбөр гарна, харин 3 эрхээр ийм нэг өрөө байр авхаар төсөлд хамрагдвал төлбөр нь 100 хувь газрын эрхээрээ төлөгдөнө.

Харин 0,07 га газар өмчлөх 3 эрхээр 80 м2 гурван өрөө байрны төсөлд хамрагдана гэвэл 20 жилийн зээлээр сард 351 мянган төгрөг, 30 жилийн зээлээр сард 294 мянган төгрөг ипотекийн зээлэндээ төлөх юм. Энэ бол хоёрхон л жишээ, манай урьдчилсан тооцооны хүснэгтнээс илүү дэлгэрэнгүй харагдах байх аа.

Зургийн тайлбар: 0,07 га газраараа орон сууцтай болох төлөвлөгөө

– Төсөл хаана хэрэгжих вэ. Санхүүжилт, дэд бүтэц гээд олон асуулт байна л даа?

– За ямар ч байсан манай төсөл хэрэгжсэнээр хамгийн багадаа 20 мянган яндан байхгүй болж 20 мянган айлын газар чөлөөлөгдсөнөөр агаар хөрсний бохирдол бодитоор буурна. Дээр нь шинээр баригдах орон сууцны бичил хорооллуудын зам дэд бүтэц, эмнэлэг, сургууль,цэцэрлэгийн бүх төлөвлөлт хамгийн орчин үеийн төлөвлөлтөөр хийгдэнэ. Жишээлбэл, төслийн хүрээнд 1 га газарт ердөө л 150 айлын орон сууц баригдана. Төсөөлбөл 4 орцтой 9 давхар байшин ганцхан байна гэсэн үг.

-Байршлын хувьд хаан байх вэ. Нийслэлд ингэж төлөвлөөд барилга барих газар тун хомс шүү дээ?

– Энэ төсөл хэрэгжихэд газрын байршил хамгийн чухал. Гэхдээ бид эхлээд нэг юмыг маш сайн ойлгох ёстой, ялангуяа манай төр засгийн удирдлагад байгаа улс төрчид. Юу вэ гэвэл , дэлхийн бүх соёл иргэншил ус дагаж л үүсч төвлөрсөн. За тэгээд ой модтой газарт ойр гээд. Дэлхийн том хотууд, хамгийн олон хүнтэй эсвэл өндөр хөгжилтэй улсуудын том том хотуудыг хараарай. Нил, Меконг, Рейн, Дунай, Ганга, Хөх, Шар мөрөн , Темза, Сена, Хадсон, Москва гол гээд л бүгд ус дагаж үүсэн хөгжсөн.

Гэтэл манай улсын Ойн тухай, Байгал орчны тухай, Усны тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудыг харахад бүгд л хэнийг ч гол ус, ой мод руу ойртуулахгүй гэсэн хориглосон заалттай. Өөрөөр хэлбэл, Монгол хүнийг ус модгүй цөл газар л амьдруулах тухай тийм хачин муухай үзэл баримтлалтай хуультай улс бид.

Тиймээс Монгол хүн болж төрснийх энэ улс орныхоо хамгийн ая тухтай газарт эрүүл орчинд амьдрах эрхтэй гэдгээ бүгд хүлээн зөвшөөрөх, бодол сэтгэхүйдээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг аятайхан газар энэ төслийг хэрэгжүүлэх гэхээр л хэсэг бүлэг "хачин нөхдүүд" гарч ирээд болохгүй бүтэхгүй гээд хориглоод байвал бид хэзээ ч энэ утаа, тоос шороо, түгжрэлээсээ салахгүй. Энэ 4 уулынхаа дунд л “ хуучин хүү “ шиг нэг насаа барна.

Бид 3 байршилд энэ төслийг хэрэгжүүлье гэдэг саналыг ойрын хугацаанд Засгийн газарт тавья гэж бэлтгэж байна. Үүнд, Туул голын хэсэг, Тэрэлж голын хэсэг, Улиастайн голын хэсэг газрын аль нэгэнд.

-Туул гол, улиастайн гол гэхээр гол ус, байгаль орчны эсрэг гээд эсэргүүцээд эхлэх болов уу?

– Тийм хүмүүст эртхэн хэлчихье, эхлээд баруун зүүн Сэлбийн гол , Толгойтын голын баруун зүүн салаа, Баянхошуу, 7 -буудал Дамбадаржааг цэгцлээтэх. Дараа нь Дунд гол , Туул голын эрэг, Богд уулын дархан цаазат газарт баригдсан хэдэн арван мянган барилгын тухай ярь гэж хэлнэ дээ. Тэгээд чадаж байвал дараа нь хотын хойд захаар байгаа бүх лагерийн байшингуудыг нэг цэгцлээдхээрэй гэмээр байна. Бүгд голын ай сав, ус хуримтлагдах талбай ой дотор байдаг биз дээ. Хамгийн энгийн жишээ авъя. Улаанбаатар хот хамаг байдаг бохироо хагас дутуу цэвэрлэсэн болоод л шууд Туул гол руугаа хаяж цутгаж байна шүү дээ. За тэр үйлдвэрийн хаягдал цэвэрлэдэг гэх Хархираа цэвэрлэх байгууламж бил үү, би сайн санахгүй байна, их л бохир хаягдлыг Туул гол руу шууд цутгадаг гээд олон жил ярьж байна даа. Энийг тэгээд ярих нь яасан юм бэ. Хэн ч тоож хамгаалдаггүй Туул гол мөн ч хайран шүү тийм ээ. Өөр ч хууль зөрчсөн газар зөндөө л байгаа шүү дээ. Төмөр замын хамгаалалтын зурвас 150 метрт байх ёстой тийм хууль одоо ч хүчин төгөлдөр байна. Гэтэл нийслэл Улаанбаатар хот дундуурх төмөр замыг харж байгаа биз дээ. Хоёр талаас нь шахаад баахан барилга барьчихсан. Юун нөгөө 150 метр, зарим газартаа 15 метрээс ч бага зай үлдээчихсэн.

"ТӨРӨӨС, УЛСЫН ТӨСВӨӨС НЭГ Ч ТӨГРӨГ ГАРАХГҮЙ, ТӨРӨӨС САНХҮҮЖИЛТ АВАХГҮЙ"

– Төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой юу?

– Хөрөнгө оруулагч нар 2-3 шаардлага л тавьж байна. Төсөл хэрэгжүүлэх газраа шийд, тэр газар чинь зураг төсөл болон холбогдох бусад бичиг баримттай байх ёстой. Нэмээд , танай төр засаг энэ ажлыг чинь дэмжсэн байх ёстой гэж байна. Үнэхээр л гэр хорооллыг барилгажуулъя, утаа тоос шорооноосоо салъя, гэр хорооллын иргэдээ нэгдсэн тохилог хувийн орон сууцны хороололтой болгоё л гэж байгаа юм бол манай төслийг дэмжихгүй байх ямар ч үндэслэл манай Засгийн газар, Ерөнхий Сайдад байхгүй. Хоёр гол үндэслэл байна. Нэгдүгээрт, буюу хамгийн гол нь бид төрөөс, улсын төсвөөс нэг төгрөгийн ч төсөв гаргуулахгүй. Улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт авахгүй. Та бүхэн мэдэж байгаа. Одоо хэрэгжиж байгаа “ Гэр хорооллын дахин төлөвлөлт “-ийг хэрэгжүүлж байгаа эсхүл хэрэгжүүлэх гэж байгаа бүх газарт цэвэр бохир ус, цахилгаан, дулааны бүх дэд бүтцийг улс хийж өгч байна. Бас засмал зам тавьж өгч сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих ёстой болно. Бүгдийг нь төсвийн мөнгөөр хийж байгаа. Хоёрдугаарт, энэ төсөлд хэрэгтэй байгаа газар бол Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэдэд ноогдох газар л байна.

– Таны ярьж байгаа 2100 га газар ч том газар байна шүү?

– Том оо, хашааны газраар баримжаалбал том л харагдана. Арай өөрөөр харах гээд үзье. Монгол Улс 1 сая 564 мянган км2 буюу 156 сая 400 мянган гектар газар нутагтай. 2100 га газар гэдэг бол энэ нийт нутаг дэвсгэрийн 0,00134 хувь болно. Харин 30 мянган иргэн бол нийт хүн амын 0,8 хувь ойролцоогоор. Тэгэхээр хүн амын 0,8 хувь нь нийт газар нутгийнхаа 0,00134 хувь дээр хуулиар оногдох газраа хувьчилж аваад өөрсдөө хөрөнгө оруулалтаа босгож ирээдүйдээ хөрөнгө оруулъя л гэж байна гээд харахаар нөгөө 2100 га газар маань тийм ч том санагдахгүй дээ. Мөн ч олон хүүхдийн ирээдүй, эрүүл мэндэд тус дэм болно энэ төсөл, үүнийг л анхаарах хэрэгтэй. Нийслэл Улаанбаатар хотод маань улсын нийт хүн амын тал нь байгаа гэдгийг бас мартаж болохгүй. Мал төрийн хамгаалалтанд байдаг бол одоо хүнээ хамгаалах цаг болсон шүү. Бид төр төсвийн мөнгөнөөс ганц төгрөг гаргуулахгүй. Бидэнд газрыг маань л шийдээд өгчих гэж хүсч байгаа юм.

-Төсөлд хамрагдах хүсэлтэй хүмүүс яаж бүртгүүлэх вэ?

– Бүртгэл бага зэргийн төлбөртэй хийгдэнэ. Анхнаасаа л энэ төслийн зардлын ихэнхийг нь бид өөрсдөө нийлж босгох хэрэгтэй гэсэн зарчим барьж байгаа. Монгол хүнийг баллаж байгаа юм бол, бүх зүйлийг үнэ төлбөргүй авах гэсэн бэлэнчлэх сэтгэлгээ. Төлбөр бол энэ үйл ажиллагааны зардлыг л санхүүжүүлэхэд зарцуулагдана.

Ганцхан жишээ хэлье,

Бүртгэлийн хураамж төлж бүртгүүлсэн иргэд өөрийн биеэр ирж манай төсөлд хамрагдах гэрээ хийх ёстой. Ингэхдээ , оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, газар өмчилсөн эсэх тухай лавлагаа, гэх мэт нэлээн хэдэн лавлагааг e-Mongolia-аас авч өгөх ёстой. Энэ бүх лавлагааг манай үйлчилгээний ажилтнуудын хамт сууж хийнэ. Гэтэл e-Mongolia-аас лавлагаа авах байтугай e-Mongolia-д бүртгэл ч үүсгээгүй иргэд олон ирнэ. За бүртгэл үүсгэнэ гэхээр барьж байгаа утасны дугаар нь заримдаа өөр хүний нэр дээр байх тохиолдол бас гарч болно, тэгвэл бүртгүүлж болохгүй. За тэгээд ухаалаг утасгүй, утас нь датагүй бол оффисын WiFi-д холбох гээд, ганцхан хүнийг бүртгэхэд маш их цаг хугацаа орно. Өдөрт 500 хүн бүртгэхэд л 60 ажлын хоног болно биз дээ. Маш хурдан ямарч саадгүй ажиллавал шүү дээ. Гэтэл бид чинь хамгийн багадаа 30 мянган хүн бүртгэх гэж байдаг. Хэрвээ нэг айл 1 биш харин 2 эсвэл 3 газар өмчлөх эрхээрээ энэ төсөлд оролцоно гэвэл бүр ч их ажил ундарна. Зөвхөн бүртгэлийн ажилтан 30 хүн ажиллуулна. Тэгээд цалин, нийгмийн даатгалын зардал, урсгал зардал. 40 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй шахам. Ер нь ч төслийн зарим нэгэн зардлыг иргэд нийлж гаргах нь эргээд төсөлд хамрагдсан иргэдээ хариуцлагажуулж байгаа нэг хэлбэр юм. Дандаа л үнэгүй юм нэхэж, хүлээж суудгаа одоо болих хэрэгтэй. Бид ямар нэг том компанитай нийлээд хийж болно л доо. Гэтэл нөгөө компани маань зөвхөн ашиг хараад дараагийн үйл ажиллагааны зардлыг өсгөвөл яах вэ. Иргэд өнөөдөр бүртгэлийн хураамж болох 40 мянган төгрөгөө хэмнэх гээд ирээдүйд бүр их зардал гаргах болвол тэр үед хэн хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Харин ирээдүйдээ хөрөнгө оруулах ийм боломжноос татгалзаж , бүртгэлийн хураамж их байна гэж байвал ирээдүйд байртай болох мөрөөдөлдөө "bye bye " л гэж хэлсэн нь дээр дээ. Наад захын урлагийн тоглолт л гэхэд 20-30 мянган төгрөгний үнэтэй байна шүү дээ.

Ханиадны сироп 300 хүүхдийн аминд хүрчээ
Ханиадны сироп 300 хүүхдийн аминд хүрчээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ