ОХУ-ын арми өчигдөр /2023.03.08/ Украины 10 бүс нутгийн чухал дэд бүтэц, орон сууцны барилгуудад пуужингаар цохилт өгчээ. Энэ нь сүүлийн 21 хоногт болоогүй томоохон хэмжээний халдлага болов. Ерөнхийлөгч Зеленский шөнө дунд болсон уг халдлагыг "Украинчуудыг дахин айлгах гэсэн оролдлого. Тэд зөвхөн энгийн иргэдийг л айлгаж чадна" гэж хэлжээ.
ОХУ өнгөрсөн оны аравдугаар сараас Украины эрчим хүчний байгууламжуудыг онилж эхэлсэн бөгөөд үүгээрээ энгийн иргэдийн сэтгэл санааг мохоохыг зорьсон. Үүнээс хойш дайралтын тоо нь цөөрч эхэлснийг шинжээчид Оросын сумны нөөц хомсдсонтой холбоотой гэж тайлбарлав. Хамгийн сүүлд хоёрдугаар сарын 16-нд томоохон хэмжээний цохилт өгөхөд Киев хотын иргэдийн тал хувь халаалтгүй болж байсан.
Энэ удаагийн халдлагын улмаас "Запорожье" атомын цахилгаан станц эрчим хүчгүй болжээ. ОХУ хэдэн сарын өмнө станцыг мэдэлдээ авснаас хойш зургаа дахь удаагаа ийнхүү эрчим хүчгүй болж байна. Одоогоор станцыг 10 хоног ажиллуулах хүчин чадалтай 18 дизель генераторт найдахаас өөр аргагүй байдалтай байна.
Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужныйгийн мэдэгдсэнээр, ОХУ нийтдээ 81 пуужин, найман "Шахед" дрон хөөргөсөн. Эндээс 34 далавчит пуужин, дөрвөн дроныг Украины арми саатуулж чаджээ. Харьков руу 15 пуужин харвасны дараа хот ус, халаалтгүй болжээ. Мөн бүх трамвай, троллейбус зогссоныг хотын дарга Игорь Терехов хэллээ. Львов мужид орон сууцны хороолол руу пуужин харвасны улмаас таван хүн амь үрэгджээ. Харин Днепропетровск мужид зургаан хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан байна.
Оросууд үндсэндээ Киев, Николайев, Харьков, Запорожье, Одесса, Днепропетровск, Житомир мужууд дахь объектуудыг онилжээ. Киев, Днепропетровск, Донецк, Одесса мужуудад урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны хязгаарлалт хийгээд байна.
Эх сурвалж: AP