Айсуй цагийн X Богд…
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
14 минут 15 секунд

Айсуй цагийн X Богд…

VIII Богд хойд дүрийнхээ талаар “Харь оронд амьдрах төдийгүй “Монголчууд гэдэс цатгалан толгой хоосон амьдарч, миний дараагийн дүр монголчуудын зовлон зүдүүрийг үүрэн гэтэлгэн амьдарна” гэж зөгнөсөн байдаг.

Х Богдын тухай яриа IX Богдыг Монголд ирсэн цаг мөчөөс л эхэлжээ. Нас дээр гарсан түүний дараагийн дүр хэн бэ гэх асуулт Монголын төдийгүй, бурхны шашинтай бусад улс орнуудын асуудал байв. Одоогоос найман жилийн өмнө Х Богд хэмээн нэгэн хүүгийн зураг сошиал ертөнцөөр шуугиулсан бөгөөд түүнийг тодруулсан эрхэм нь Далай ламыг Монголд сүүлчийн удаа айлчлахад “Х Богдыг тодруулах гэж байна. Монголд Богд хэрэггүй” гэж хэвлэлийн бага хурал хийгч байв. Монгол жижигхэн, монголчууд цөөхүүлээ болохоор нэгэн зүйл ил болсон нь Далай ламын айлчлалыг эсэргүүцэгч өөрийн хүүг өргөмжилсөн болж таарсан. Халхад тодорсон анхдугаар Богд буюу Өндөр гэгээн Занабазар, Чин ван Дондогдоржийн хүү II Богд Лувсандэмбийдамба нараас хойш долоон дүрийн дараа Монголоос Богдын дараагийн дүр тодрох боломжтой болсон нь хэн хүнгүй өөрийн хувилбарыг зүтгүүлэх адын санааг өрджээ. Гэтэл Энэтхэгт хоёр өдрийн өмнө болсон хурлын үеэр Дээрхийн гэгээнтэн Далай лам "Халх Жавзандамбын хувилгаан энд заларсан байна” гэсэн монголчуудын “Мартын-8”-наа мартаад шуугихад хүргэв. XIV Далай лам 2016 онд Монголд айлчлахдаа “Х Богд Монголд мэндэлсэн ч нялх байгаа учраас 3-4 жилийн дараа ил зарлана” гэсэн ёсоороо ийнхүү зарлав. Гандантэгчилэн хийдээс энэ талаар удахгүй мэдээлэл хийх сураг ажиг байна.

МОНГОЛД БОГД “ИХЭРЛЭСЭН” НЬ…

Богдын дүрийг өөр өөрсдийнхөөрөө тодруулах хүсэл байсаар ирсэн төдийгүй өмнөх Богдыг ч тэрхүү асуудал тойроогүй юм. Зүүнтнүүд засгийн эрхэнд гарснаар, 1929 онд VIII Богд Жавзандамба хутагтын дараагийн дүрийг тодруулахыг хоригложээ. Гэхдээ түүнээс өмнө буюу 1925 онд VIII Богд Жавзандамбын хойд дүрээр Лувсандорж хэмээх хүүг Л.Гомбо-Идшин гүн тэргүүтэн тодруулсан гэдэг. Очирдарь Лувсандорж Богдын IX дүр мөн гэдгийг Ванчин лам баталсан юмсанж. 1926 онд Төвдийн Засгийн газартай найрамдалт харилцаа тогтоохоор явахад лам Гэндэнсоном, Жанчивренчиннар хамт явж тэр үеийн Далай лам болон Ванчин богдын сунтагт “Тамгат бичиг”-ийг авчрахад VIII Богдын багш Ёнзонхамба “Энэ бол Далай лам болон Ванчин богдын сунтагт тамгат бичиг мөн” гэж давхар баталсан гэх баримт бий. Энэхүү баримтаар хожмоо IX хэмээн бидний залсан Жамбалнамдолчойжижанцанг үгүйсгэдэг. Нэгэнт шашныг хориглосон учраас Лувсандорж хар хүний амьдралаар амьдарсан бөгөөд 1948 онд өвчний улмаас таалал төгсжээ. Тэгвэл VIII Богд хойд дүрийнхээ талаар “Харь оронд амьдрах төдийгүй “Монголчууд гэдэс цатгалан толгой хоосон амьдарч, миний дараагийн дүр монголчуудын зовлон зүдүүрийг үүрэн гэтэлгэн амьдарна” гэж хэлжээ. Энэ зөгнөлтэй туулсан амьдрал, зурсан зураг нь таарсан учраас 2009 онд нас сүүдэр 77-г зооглож байхад нь IX Богдоор Жамбалнамдолчойжижанцанг өргөмжлөн залжээ.

IX Богд хойд дүрээ “Монголоос тодорно” хэмээн гэрээсэлсэн

Гандантэгчилэн хийдийн дэд хамба Н.Нанзаддорж гэрчилснээр, 2012 оны цагаан сараас өмнө IX Богд Жамбалнамдолчойжижанцаны бие мууджээ. Эмнэлэгт хэвтүүлэхэд “Хэдхэн хоног л тогтоож чадна. Найдваргүй болжээ. Ойр дотных нь уулзах хүмүүстэй уулзуул” гэж зөвлөж. Харин энэ үед IX Богд Далай ламтай утсаар холбогдон,

-Би хэзээ явах вэ. Шарилаа хаан байлгах вэ? гэж асуухад Далай лам,

-Оны сүүлч болж байхад явбал билэг дэмбэрэл муутай. Тийм болохоор та он гаргаад яваарай. Харин өөрийн шарилаа Монголдоо байрлуулаарай хэмээн захижээ. Энэ захиас ёсоор шинийн найманд IX Богд жанч халсан бөгөөд түүнээс өмнө айлдсан айлдвартаа өөрийн хойд дүр “Монголоос тодорно” гэж гэрээсэлжээ. Бурхны шашны гурван өндөрлөг гэгддэг Ванчин Богд, Далай лам, Богд Жавзундамба нь бие биесийнхээ хойд дүрийг баталгаажуулдаг бөгөөд Х Богдыг Далай лам өөрийн биеэр айлчлахдаа хүлээн зөвшөөрсөн юм. Харин өөрийн хойд дүрийн талаар Далай лам “Өөрөөр нь гэгээн дүр нь дуусгавар болно” гэсэн нь хятадуудыг багагүй бухимдуулж, түүний хойд дүрийг тодруулах нь зайлшгүй талаар эсэргүүцлээ илэрхийлсэн мэдээлэл хэдэн жилийн өмнө бишгүй гарсан. Үүнийх нь хариуд XIV Далай лам хэвлэлд өгсөн яриандаа “Хятадууд МаоЗэдүн, Дэн Сяопин хоёрынхоо хойд дүрийг тодруулчхаад, дараа нь миний хойд дүрийн тухай ярих нь зохистой” хэмээсэн нь зүгээр ч нэг үг биш. Төвдийг салан тусгаарлуулах гэсэн түүний бодлого, тавихгүй гэсэн их гүрний бодлоготой хойд дүрийг нь тодруулах эсэх асуудалд давхцан зөрчилдөж буй цаад шалтгаан нь үүнээс Төвдийн асуудал хамаарах учраас ашиг сонирхлын зөрчлийн гол сэдэв нь болсон хэрэг. Ванчин эрдэнийн хувилгаан дүрийн асуудал угтаа 1600-аад оны эхэнд монголчуудтай бас л холбогддог. Дашлхүмбэ хийдийн тэргүүн, Ванчин эрдэнэ хэмээх алдрыг Ойрдын Гүүш хаан өгчээ.

Ванчин эрдэнийн хувилгааны анхны дүр нь цаг хугацааны хувьд III Далай ламтай нэгэн цаг үед /1470-1550-иад он/ Дашлхүмбэ хийдийн хамба, Шарын шашны их шинэтгэгч, аугаа сэтгэгч ЗонховЛувсандагвын шавь Хайдүвжэгийн залгамжлагч Авид бурхны хувилгаан дүр хэмээн эдүгээ хүртэл 11 дүр үе дараалан тодорчээ.

ХЯТАДАД ИХЭРЛЭСЭН ВАНЧИН БОГД

2015 оны дөрөвдүгээр сарын 25-нд Дээрхийн гэгээн XIV Далай ламаас дэлхий даяар хамгийн залуу улс төрийн хоригдол хэмээгдэх болсон XI Ванчин эрдэнийн хувилгаан мөн хэмээн тодруулан батламжилсан XI Ванчин лам Гэндэн Чойжи Нимагийн 26 насны ойг дэлхийн бурхны шашинтнууд, хүний эрхийн байгууллагууд тэмдэглэн өнгөрүүлжээ. Хачирхалтай нь, тэрбээр 1995 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс өдгөөг хүртэл эцэг, эхийн хамт сураггүй болсон аж. Гэндэн Чойжи Нимагийн төрсөн өдөр дэлхий дахины анхаарлын төвд болж өнгөрөхдөө “Гэндэн Чойжи Нимааг сулла” гэсэн шаардлага, түүнийг суллаасай гэсэн горьдлогыг тээж байв.

Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл жилийн өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 25-нд Гэндэн ЧойжиНимагийн 33 насны төрсөн өдөр тохиоход АНУ-ын Төрийн департмент мэдэгдэл гаргасан. Тэд Гэндэн Чойжи Нимагийн оршин суугаа газар, эсэн мэнд байгаа эсэхийг тодорхой болгож өгөхийг Хятадын эрх баригчдаас шаарджээ. Олон улсын амлалтын дагуу хүний эрх, үндсэн эрх чөлөөг хэрэгжүүлэх бүрэн боломж олгохыг Хятадаас шаардсан. Харин 2022 оны тавдугаар сарын 17-нд буюу хулгайлагдсан өдрөөс хойш яг 27 жилийн дараа Төвдийн засаг захиргаа мөн мэдэгдэл гаргасан. Тэд мөн л Гэндэн Чойжи Нимагийнбайршил, эсэн мэнд байгаа эсэхийг илчлэхийг хүссэн аж. Мөн Хятадын засгийн газраас өөрийн дэглэмийн дор амьдарч буй Төвдийн буддистууд, уйгурын лалын шашинтнууд, христийн шашинтнуудын шашны зан үйлд хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг уриалжээ. Гэндэн Чойжи Нимаг алга болсны дараа АНУ, Австрали, Европын парламент, Франц, Төвөд гээд олон улс санаа зовж байгаагаа илэрхийлэн, олон тогтоол мэдэгдэл гаргасан. НҮБ ч бас Хятадаас удаа дараалан тайлбар хүсээд амжилт олоогүй билээ.

Гэхдээ ингэж шаардсаны үр дүнд сураггүй алга болсон бяцхан хувилгааны бичлэг, түүний эцэг эхийн “Бид энх тунх жаргалтай амьдарч байна, бид гадаад ертөнцтэй холбогдох хүсэлгүйгээр үл барам бидэнд саад болохыг хүсэхгүй байна” гэх үгийг Хятадын зүгээс дэлгэдэг болжээ.

Тэгвэл одоогийн Ванчин Богд гэж хэн бэ гэх асуулт үүнээс урган гарна. Хятадын засаг захиргааны улс төрийн сэдэл, шийдлийн хооронд XI Ванчинг тодруулах комиссыг байгуулж, тодруулах комиссын тэргүүнээр Жадрал ренбүүчиг томилсон бөгөөд Жанцанноров гэгчийг Ванчин эрдэнийн XI хувилгаанаар тодруулуулсаныхаа дараа 2001 онд тавдугаар сард Жадрал ренбүүчид улсын нууц задруулсан хэрэг тулгаж, зургаан жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Харин одоо хэр нь түүнийг хэрхсэн нь тодорхойгүй нууц хэвээрээ үлджээ.

Хятадын коммунистууд хуурамчаар тодруулсан Ванчины хойд дүрээ хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор энх тайвны мөргөл, энх тайвны төлөөх хурал зэрэг арга хэмжээ зохиодог. Үүнд нь, Монголын бурхны шашинтнууд ч оролцож л байдаг. Бүр Гандантэгчилэн хийдээс ч оролцож байсан удаатай.

Анхаарууштай нь, Хятадын засаг захиргаанаас зохион байгуулалттайгаар өргөмжилсөн XI Ванчин Эрдэнийн хувилгаан гэгдэх Жанцанноров нь Төвдөд болж буй хүчирхийлэл, хүний эрх зөрчигдөж буй үйл явдлуудад өчүүхэн ч эмзэглэдэггүй. Үүгээрээ түүний ард Хятадын Засгийн газар байна уу гэсэн харыг эрхгүй төрүүлдэг билээ. Нөгөөтэйгүүр Монголд Далай лам айлчлахад Монголын Засгийн газарт анхааруулга өгч, хил гаалиас эхлээд чангалж, элдэв мэдэгдэл гаргадаг нь их гүрний өөрсдийн байр суурийг тулгадаг явдал төдийгүй биднийг дуулгавартай байлгаж, өөрсдийг нь хүлээн зөвшөөрөхийг эрмэлздэг билээ.

X БОГДЫГ МОНГОЛООС ТОДРУУЛАХ ЭРМЭЛЗЭЛ

IX Богд Жавзундамба Монголд ирсэнтэй Хятадын коммунист намын үндэсний нэгдмэл фронтын орлогч сайд Цу Вейдийн хийсэн мэдэгдэлтэй цаг хугацааны хувьд давхцав. Тэрбээр “Далай лам хутагт хувилгаадын түүхэн болоод шашны зан үйлийг огт хэрэггүй зүйл болгон хувиргалаа, тиймээс Гэдэн Чойжи Нимааг хувилгаан хэмээн хүлээн зөвшөөрсөн нь хуульбус бөгөөд хүчингүй… Энэ бол Төвд хүүхэд, манай иргэн, өдгөөг хүртэл бид түүнийг эрүүл өсгөх нөхцөлийг бүрдүүлсэн. Далай ламын хууль бусаар хүлээн зөвшөөрсөн хүү мэдээж Хятадад эрүүл өсч байгаа. Тэр ирээдүйд Хятад, Төвдөд сайн үйл бүтээх болно” гэсэн билээ.

IX Богдыг ирэхэд нь, албан ёсоор залахад, хожим Далай ламын тодруулсан X Богдыг тухай манай бурхны шашинтнууд хоёр янзаар ярьдаг, хүлээн авдаг. Нэг хэсэг нь сүсэглэн тахих бол нөгөө хэсэг нь шууд эсэргүүцнэ. Эсэргүүцэгчдийн зүгээс IX Богдыг үгүйсгэн тухайн үед хэлж байсан үндэслэл нь мөнөөх хуурамч гэгддэг Ванчин лам хүлээн зөвшөөрөөгүй гэх байр суурь байлаа. Тиймээс IX Богдыг тийнхүү яаралтай залах болсон шалтгаан нь мөн л Далай ламын зовлонтой ижил. Амьд сэрүүнд нь түүнийг Монголын бурхан шашны тэргүүнээр залж, өөрийнх нь амаар “Миний хойд дүр Монголоос тодорно” гэж хэлүүлэх явдал байсан талаар улс төрийн хүрээнийхэн төдийгүй хамба Д.Чойжамц учирладаг. Хэрэвзээ түүнийг Монголд авчирч чадахгүй байсаар жанч халбалдараагийн дүрийг нь Хятадын талаас тодруулах шууд заналхийлэл байснаас тэр.

Бид нэгдмэл байр суурьтай байж, аливаад хянуур хандахгүй бол Ванчинг “хувилсан” шиг Х Богдыг “ихэрлүүлж” мэднэ. Улс гүрнүүд уламжлалт шашныг нь зэвсэг болгон ашиглаж, өөр хооронд нь хагаралдуулсан жишээ бишгүй бий.

Бурхны шашны гүн ухаанд дурлахаас илүүтэй мухар сүсэглэж, тахин шүтдэг манайханд шашны хуваагдлаар дамжуулаад харийн бодлого орж ирэхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс Монголд шашны лидер чухал. Далай лам, Ванчин богд нар биесээ үгүйсгэн буй энэ цаг үед монголчуудын хэдэн арван үеэрээ шүтэж, сүсэглэн ирсэн Богдын хойд дүр монгол туургатны үзэл санааны хувьд нэгдэн нийлэх нэг үнэт зүйл болох биз ээ.

Гүржийн үймээн Путинд олз болох вий!
Гүржийн үймээн Путинд олз болох вий!
 
Метроны бүтээн байгуулалтад 333 тэрбум, зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөг зарцуулна
Метроны бүтээн байгуулалтад 333 тэрбум, зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөг зарцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.