АНУ-ын санхүүгийн системийн хар долоо хоног
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Дэлхий
Огноо
Унших
5 минут 48 секунд

АНУ-ын санхүүгийн системийн хар долоо хоног

Өнгөрсөн Баасан гаригт /2023.3.10/ АНУ-ын хоёр банк дампуурлаа зарласан нь тус улсын санхүүгийн системд гэнэтийн үйл явдал болов. Тэгвэл 48 цагийн дотор хэрхэн хоёр банк дампуурлаа зарласныг энэ удаагийн ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ буландаа онцолж байна.

Ердөө 48 цагийн дотор хоёр том банк дампуурснаар АНУ-ын банкны салбар ганхлаа. Хамгийн санаа зовоосон зүйл бол эдгээр банкууд технологийн салбар болон криптовалютын салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байв. "SVB" санхүүгийн групп гуравдугаар сарын 10-ны өдөр Холбооны агентлагт хандаж, дампуурлаа зарласан.

SVB: ТЕХНИКИЙН ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН БАНК

Өнгөрсөн оны эцсээр "SVB" банк нийт 209 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, 175 тэрбум ам.долларын хадгаламжтай байжээ. Тус банк нь инновацийн салбарт гол тоглогч байсан төдийгүй Цахиурын хөндийгийн технологийн аж үйлдвэрийн гол нуруу нь байв. Мэргэшсэн санхүүгийн үйлчилгээ, салбарын туршлага, үнэ цэнэтэй сүлжээ, хүчтэй нэр хүндээр хангаснаар стартапын экосистемд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тус банкийг дүгнэдэг байв. Гэвч энэ нь 2008 оноос хойших АНУ-ын банкны хоёр дахь том дампуурал болжээ.

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмснээс болж "SVB" банкинд хүндрэл үүсч эхэлжээ. Учир нь, бодлогын хүүгийн өсөлт нь хөрөнгө оруулалтын үнэ цэнэ, ялангуяа бондод сөргөөр нөлөөлсөн байна. Улмаар гарааны бизнесүүдийн олонх нь банкнаас хөрөнгөө татаж маш их хэмжээний бэлэн мөнгөд хувиргаснаар банк хөрөнгөө нэмэгдүүлэх хэрэгтэй болсон байна. Үүнийг нөхөхийн тулд "SVB" бонд, ялангуяа АНУ-ын Төрийн сангийн үнэт цаасыг хөнгөлөлттэй үнээр зарах шаардлагатай болжээ. Хүүгийн өсөлт нь одоо байгаа бондын үнэ цэнийг бууруулсан. Эдгээр бондын позицуудыг зарахдаа "SVB" ихээхэн алдагдал хүлээх болсон аж. Банкнаас 2.25 тэрбум ам.долларыг босгох оролдлого нь бүтэлгүйтсэн байна.

"SVB" нь Америкийн хамгийн том 20 арилжааны банкны нэг байсан бөгөөд хадгаламжаа эргүүлэн татсан харилцагчдынхаа төлбөрийг төлж чадахгүй болсноор дампуурахад хүрч, одоо АНУ-ын Холбооны хадгаламжийн даатгалын корпорацийн мэдэлд шилжээд байна.

Мэргэжилтнүүд банкны дампуурал илүү өргөн хүрээнд нөлөөлөхөөс болгоомжилж байгаа бөгөөд гарааны бизнес болон технологийн салбарт ихээхэн үр дагаварт хүргэж болзошгүй юм. Цахиурын хөндийд 1983 онд байгуулагдсан тус банк нь АНУ-ын венчурын дэмжлэгтэй технологи, эрүүл мэндийн компаниудын бараг тал хувийг санхүүжүүлсэн.

"SILVERGATE" КРИПТО БАНК ДАМПУУРАВ

"SVB"-гийн дампуурлаас хоёр хоногийн өмнө крипто валютын "Silvergate" мөн унасан. Тус банк нь уламжлалт санхүүгийн фирмүүдийн үзүүлж чаддаггүй томоохон крипто үйлчилгээг үзүүлдгээрээ томоохон компаниудтай харилцдаг байв. Улмаар тус банк дампуурснаар крипто нь маш том эрсдэлтэй салбар гэдгийг хууль тогтоогчдод сануулсан үйл явдал боллоо. Тус банк гуравдугаар сарын 8-нд гаргасан мэдэгдэлдээ, "Холбогдох зохицуулалтын дагуу үйл ажиллагаагаа зогсоож, банкийг сайн дураараа татан буулгах зорилготой байсан. Банкны зүгээс харилцлагч нарт бүх хадгаламжийг нь бүрэн эргүүлэн төлөхөөр төлөвлөсөн. Компани нь нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэх, өөрийн өмчийн технологи, татварын хөрөнгө зэрэг хөрөнгийн үлдэгдэл үнэ цэнийг хэрхэн хадгалах талаар бодож байна" гэсэн байв.

АНУ-ын хууль зохицуулагчдын зүгээс, тэр дундаа Хууль зүйн яамнаас тус банкинд шахалт үзүүлж, криптогийн хаан гэгддэг Сэм Банкман-Фридийн "эзэнт гүрэнтэй" бизнесийн харилцаатай холбоотой асуудлаар мөрдөн байцаалт явуулж эхэлснээс үүдэн "Silvergate" хаалгаа барьжээ. Банкмен-Фридийг крипто валютийн эзэнт гүрэн, криптовалют бирж "FTX" болон "Alameda Research" охин компани дампуурснаас үүдэлтэй 12 залилангийн хэргээр буруутган шалгаж байгаа аж.

"Silvergate" банк нь 1988 онд үүсгэн байгуулагджээ. Тус банк нь орон сууцны зээл болон арилжааны үл хөдлөхийн чиглэлээр зээлийн үйлчилгээ үзүүлдэг байв. Гэхдээ 2013 оноос крипто салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад түлхүү анхаарч, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж эхэлснээр крипто банк болсон байв. Улмаар 2019 онд тус банк хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгож, тэр үед сэргэн мандаж байсан крипто салбарт бүрэн анхаарлаа хандуулна гэж мэдэгдэж байв. Энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар тус банкны дижитал хөрөнгө нь 11.9 тэрбум ам.долларт хүрсэн байсан ч "FTX" болон "Alameda Research" компаниудын дампуурлын дараа харилцагчид нь хөрөнгөө татаж эхэлснээр актив нь арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 3.8 тэрбум ам.долларт хүрч унасан байна.

Сураггүй болсон тайвань цэрэг Хятадаас олджээ
Сураггүй болсон тайвань цэрэг Хятадаас олджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ