Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны тавдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 111 гомдол, мэдээллийг шалгажээ.
Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:
- Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Э нь Хөвсгөл аймагт хуваарилагдан ирсэн 1 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр, хүүгүй мөнгийг өөрийн хамаарал бүхий иргэдэд олгож, төсвийн мөнгөнөөс завшсан гэх
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ерөнхий нягтлан бодогч Х хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд тус компанийн эзэмшигч У-аас хахууль авсан гэх;
- Экологийн цагдаагийн албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Т-ын хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн экологийн шинжээч, цагдаагийн дэслэгч М нь хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон гэх;
- Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Х нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс зөвшөөрлийг олгосон. Мөн нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Э нь хүнд даацын ачааны автомашины зөвшөөрөл авахаар уулзахад Замын цагдаагийн тасгийн гадна талбайд сагсны талбай барих ажилд хандив өгөхийг шаардаж 1.5 сая төгрөгийг ахлах мөрдөгч Ү-д өгүүлсэн гэх;
- Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан иргэн Б-ыг шалгахдаа жолоодох эрхийг нь хасахгүйгээр буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэх;
- “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн “Эрчим зоог” цайны газрын дарга Г нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Дундговь аймгийн Баянжаргалан суманд хэрэгжүүлэх "Ус цэвэршүүлэх төхөөрөмж" төслийн төсвийг 51,325.2 мянган төгрөгөөр баталсан бөгөөд тендерт нэр бүхий компани ганцаар оролцож шаардлагатай бичиг баримтуудыг ирүүлээгүй, шаардлага хангаагүй байхад "хамгийн сайн тендер"-ээр шалгарсан гэх, Ц-д холбогдох хэрэг гэх.
Эх сурвалж: АТГ