Ши Жиньпин Москвад айлчлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
5 минут 41 секунд

Ши Жиньпин Москвад айлчлав

Хятадын дарга Ши Жиньпин өнөөдөр Москвад айлчилж байна. Энэ нь ОХУ-аас Украинд түрэмгийлснээс хойшхи анхны төрийн айлчлал учир Кремлийн тэргүүн Владимир Путины дэмжлэгийг илэрхийлж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсанаар Ши Жиньпиний айлчлал Лхагва гаригийг хүртэл үргэлжлэх аж.

Ши Жиньпин долоо хоногийн өмнө гурав дахь удаагаа Хятадын даргаар ажиллахаар эрх мэдлээ баталгаажуулсан. Харин Орост айлчилснаар тэрбээр Украинд дайн эхлүүлснээс Москвад очсон олон улсын нэр хүндтэй удирдагч боллоо. “Ши Жиньпиний Орост хийж буй айлчлал нь эв найрамдал, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх болно” гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Баасан гаригт ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн. Харин Кремль төрийн айлчлалыг Путины урилгаар хийж байгааг онцолжээ. Мөн хоёр орны удирдагчид "Орос, Хятад хоёрын хооронд хязгааргүй түншлэл, стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцэнэ гэж Кремлийн мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн "Олон улсын тавцан дахь Орос-Хятадын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд санал бодлоо солилцох болно" гэж онцлон тэмдэглээд, хоёр талын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна гэжээ. Гэхдээ ямар гэрээ хэлцэл болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханхуй “Цар тахал, геополитикийн сорилт, дэлхийн сэргэлт удаашралтай байгаа хэдий ч хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа ахисан” гэж мэдэгдсэнийг Коммунист намын албан ёсны сонин “People’s Daily” Бямба гаригт мэдээлжээ. “Дэлхий тогтворгүй болох тусам Хятад, Орос хоёр харилцаагаа улам тогтвортой урагшлуулах ёстой” гэж Жан Ханхуй Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Энэ онд хоёр талын худалдаа хоёр орны удирдагчдын дэвшүүлсэн зорилтот 200 тэрбум юаньд хүрч, эхний хоёр сард өмнөх оны мөн үеийнхээс 26 хувиар өсөх боломжтой гэж тэрээр нэмж хэлэв.

Айлчлалын тухай мэдээ гарсны дараа “Bloomberg Dollar Spot” индекс 0.5 хувиар унасан.

Энэхүү айлчлал нь Ши Жиньпин дэлхийн төрийн зүтгэлтэн гэсэн дүр төрхөө сэргээж байгаатай холбоотой. Тэрээр саяхан Саудын Араб, Ираны хооронд дипломат харилцаагаа сэргээх хэлэлцээрт зуучлахад тусалснаар томоохон нэр хүнд олсон. Мөн тэрбээр Оросоос буцаж ирээд удалгүй Бразилийн Ерөнхийлөгч Луис Силваг хүлээн авна гэж Бээжин дэх Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Москва дахь айлчлалын үеэр Ши Жиньпин барууны олонх засгийн газрууд авч хэрэгсээгүй Хятад улсын дайныг зогсоох 12 зүйлт гэрээг хэлэлцэх төлөвтэй байна.

Дайн эхэлснээс хойш Хятадтай удирдагчийн түвшинд яриа хэлэлцээ хийхийг эрмэлзэж байсан Киев харин гэрээг нааштайгаар хүлээн авсан. Мөн Бээжинг Оросын эсрэг илүү шүүмжлэлтэй байр суурьтай байхыг уриалж байв. Ши Жиньпин мөн Украины удирдагч Владимир Зеленскийтэй удахгүй видео бичлэгээр ярихаар төлөвлөж байгаа аж. Энэ нь дайнаас хойш хоёр орны тэргүүн нарын анхны яриа байх болно. Хятадын Гадаад хэргийн яамны сайд Цин Ган өнгөрсөн Пүрэв гаригт Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай хоёр талын харилцаа, түрэмгийллийн талаар ярилцсан. Үүний зэрэгцээ Ши Жиньпин Цагаан ордны тэргүүн Жо Байден нар АНУ-ын дээгүүр ниссэн тагнуулын бөмбөлөгтэй холбоотой зөрчлөөс хойш анх удаа уулзахаар төлөвлөж байгааг мэдээлсэн.

Хятадын удирдагч ОХУ-д хийх айлчлалдаа тэнцвэртэй байж, нэг талаас төвийг сахисан зуучлагчийн дүр төрхийг харуулахын зэрэгцээ Путинтэй ойр дотно харилцаагаа зохицуулах ёстой.

“Оросын эдийн засгийг тусгаарласан нь Хятадын эдийн засагт тодорхой хэмжээгээр ашиг тусаа өгсөн. Ши Жиньпин үүнээс ч илүү ашигтай хэлэлцээр хийх гэж оролдох уу, эсвэл Москвад тэдний байр суурийг ашиглаж байна гэсэн ойлголтоос зайлсхийхийг хичээх эсэхийг бид мэдэхгүй" гэж Хятад, Оросын улс төрийг судалдаг Америкийн их сургуулийн туслах профессор Жозеф Торигиан мэдэгджээ.

Ши Жиньпин хамгийн сүүлд 2019 оны дундуур Орост айлчилсан бол Путин 2022 оны эхээр өвлийн олимпийн нээлтэд оролцохоор Бээжинд очсон юм. Тэр уулзалтаар хоёр удирдагчид "хязгааргүй" найрамдалт, урт хугацааны эрчим хүчний хангамжийн хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Тэд өнгөрсөн оны есдүгээр сард Шанхайн хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр уулзсан бөгөөд Путин Украинд түрэмгийлсэнтэй холбоотой Бээжингийн “асуулт, санаа зовнилыг” ойлгож байна гэж хэлсэн нь дипломат холбоотнуудын хоорондын хурцадмал байдлыг хүлээн зөвшөөрсөн ховорхон үйлдэл болсон.

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.III.20-III.26
Долоо хоногийн өрнийн зурхай 2023.III.20-III.26
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ