УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2023.03.20/ хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн талаар байр сууриа нэгтгэнэ. МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын гишүүнээсээ түдгэлзсэн гишүүний асуудал, цаашид бусад гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал болон цаг үеийн асуудлаар хуралдах чигтэй байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзсэн бол АТГ-аас гурван ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт хүргүүлэхээ мэдэгдсэн. АТГ-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гишүүдийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан тул гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн тайлбарыг өгсөн бол эдгээр гишүүд өөрсдөө мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй гэдгээ хэвлэлээр дамжуулан тайлбарласан юм. Эдгээр асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх хугацаа давхцсан учир энэ долоо хоногт хэлэлцэж шийдэрлэнэ.
Намын удирдлагын зүгээс бүрэн эрхээсээ түдгэлзсэн Ж.Мөнхбатыг явуулах, Улсын ерөнхий прокурорын газраас түдгэлзүүлэх санал орж ирвэл дэмжинэ гэсэн тохиролцоод хүрсэн гэсэн мэдээлэл бий.