Иргэн Ж.Энхбат болон Ардчилсан намын зүгээс Цемент шохой төрийн өмчит үйлдвэрийн газар, Багануур ХК, Монгол шуудан ХК-иудыг шилэн данс хөтлөөгүй, Хэмнэлтийн тухай хуулийг мөрдөөгүй зэрэг үндэслэлээр шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж байгаагаа өнөөдөр /2023.03.21/ мэдээллээ.
Мөн дээрх төрийн өмчит компаниудын захирлуудыг албан тушаалаас нь чөлөөлөх шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьж буй аж.
Хэмнэлтийн тухай хуулийн 21-р зүйлд, Төсвийн захирагч нь … үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно гэж заасан байдаг аж.
Ардчилсан намын зүгээс долоо хоног бүр шүгэл үлээж, ажиллахаар болсон байна. Ирэх долоо хоногт Улаанбаатар хотод нүүрлэсэн хулгайн асуудлаар шүгэл үлээх болно гэж иргэн Ж.Энхбат мэдэгдлээ. Мөн тэрбээр “Ардчилсан намын зүгээс АТГ-т өгсөн гомдлыг шалгаснаар төмөр замд нүүрлэсэн байсан хулгай илчлэгдэж, хэрэг нь прокурор руу шилжиж, зарим нэг хүн ажлаасаа гарч байна. Хулгай хийсэн хүмүүст хуулийн байгууллага зохих шийтгэлийг нь хүлээлгэнэ гэж найдаж байна” гэлээ.