УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурор өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын даргад хүргүүлсэн. Тэднийг хэрэг шалгах явцад нөлөөлсөн гэж үзэж, ийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал хүргүүлсэн юм. Тэгвэл тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх бөгөөд маргааш хэлэлцэхээр товложээ. Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-ын хамгийн олон сонгогдсон таван гишүүнээс бүрддэг бөгөөд өнгөрсөн долоо хоногт даргыг нь өөрчилж, Ц.Мөнх-Оргилыг томилсон юм.
Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа МАН-ын бүлэг хуралдах бол Ардчилсан нам Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэдэг байр сууриа илэрхийлээд байгаа юм.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж, нууцаар санал хураана. УИХ-ын тухай хуулийн 28.6.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна.
Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүн:
- Цэндийн Мөнх-Оргил /Халдашгүй байдлын дэд хорооны дарга/
- Нямаагийн Энхболд
- Сүхбаатарын Батболд
- Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
- Сандагийн Бямбацогт
Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдаж, саналаа нууцаар гаргаж, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороодод саналаа хүргүүлнэ. Үүний дараа байнгын хороод хуралдаж, шийдвэрээ УИХ-ын чуулганы хуралдаанаар ч хаалттай хэлэлцэж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийддэг.
УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ. 9 дүгээр зүйл.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх
- 9.1.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:
- 9.1.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
- 9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.
- 9.3.Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
- 9.5.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
Эргэн сануулахад, Өнгөрсөн 2022 онд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг прокуророос түдгэлзүүлэх санал ирүүлж байсныг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, байнгын хороод, намын бүлэг, чуулганаар авч үлдэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж олонхоороо шийдвэрлэж байв.