Монголчууд 2021 онд 450 сая, 2022 онд 700 сая ам.доллараар суудлын автомашин худалдан авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
18 минут 58 секунд

Монголчууд 2021 онд 450 сая, 2022 онд 700 сая ам.доллараар суудлын автомашин худалдан авчээ

Үндэсний статистикийн хорооноос инфляци 2023 оны хоёрдугаар сард 12.2 хувьд хүрч өмнөх сараас 0.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 3.1 нэгж хувиар буурсан гэж мэдээллээ.

Монголбанкнаас 2023 оны IV улиралдаа инфляци нэг оронтой тоонд, болбол зорилтот түвшин буюу зургаан хувь болон түүн дээр нэмэх, хасах хоёр хувьд хүргэх төсөөлөлтэй байна. Цар тахал болон Орос Украины мөргөлдөөний нөлөөгөөр саарсан дэлхийн эдийн байдал 2024 онд тогтворжино хэмээн төсөөлж байгаа ба АНУ болон Европын орнуудын төвбанкууд ч 2024 онд л зорилтот түвшиндээ хүрнэ хэмээн төсөөлж буй юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зорилтот түвшин гэх ойлголт улс орнуудын хувьд сонирхолтой сэдэв болсон. Ялангуяа АНУ-ын Холбооны нөөцийн банк хоёр хувийн зорилтот түвшнээ нэмж, 3-4 болговол яасан юм бэ? гэж байна. Нэмэх тухай яригдахад мэргэжилтнүүдийн дунд маргаан үүсэв. Нэг хэсэг нь яагаад 2 хувийг өсгөх гээд байна вэ? 2 хувь яагаад зохистой тоо биш болов? гэх мэтээр мэтгэлцэж эхэлсэн гэв.

Өндөр хөгжилтэй, үйлдвэрлэгч улс орнуудын хувьд бүх зүйл нь тогтворжсон байдаг учир нэг нэгж хувийн зөрүүн дээр ийн эмзэглэж, маргаан үүсгэж байгааг анзаарав уу?

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 30 жилд анх удаа зорилтот түвшинтэй болсон. Манай улсын хувьд 8 хувь зорилтот түвшин. Монгол Улс жижиг эдийн засагтай, хэрэглээний сагсан дахь 410 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний тал хувийг импортын буюу хилийн чанадаас авдаг, гадаад хүчин зүйлийн нөлөө ихтэй тул дотооддоо удирдах боломжгүй юм. Тиймээс өсөлт огцом нэмэгдэх магадлалтай байдаг учир 6-8 хувийн коридор дотор зорилтот түвшинг барихыг эрмэлзэж байна. 2023 оны хоёрдугаар сарын байдлаар инфляцын 45.1 хувьд импортын бараа бүтээгдэхүүний үнэ нөлөөлжээ.

ҮСХ-ноос танилцуулснаар инфляци 12.2 хувьтай гарахад 36.1 хувийг хүнсний бараа бүтээгдэхүүн буюу хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт нөлөөлсөн байна.

Хүнсний бүлгийг авч үзвэл:
2022 оны аравдугаар сард гурилын үнэ 50 хувиар өссөн. Үүнийг дагаад талх, гурил түүнтэй ижил төрлийн бараа болох будаа 32.4 хувь, өөх тос /бараг 100 хувь импортоор/ 35.4 хувь, согтууруулах бус ундаа 21.2 хувь, хүнсний ногоо 11.5 хувь, сүү 21.7 хувиар өссөн бол мах махан бүтээгдэхүүний үнэ 4.7 хувиар буурсан бөгөөд эдгээр үнийн өсөлт тогтворжвол инфляци буурах боломжтой гэж Төвбанк үзэж байна.

ҮСХ: 2022 ОНД ЭДИЙН ЗАСАГ 4.8 ХУВИАР ӨСӨВ

Манай улсын эдийн засаг ковидын үед буюу 2020 онд -4.6 хувиар буурсан. Энэ бууралтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойших 30 жилд анх удаа цар тахлын нөлөөгөөр ийм уналтад хүрсэн хэмээн тодотгосон нь бий.

Тэгвэл өнгөрөгч 2022 онд эдийн засгийн өсөлт Төвбанкны хүлээлтээс давж 4.8 хувьд хүрснээр 2019 оны үетэй харьцуулахад 1.7 хувиар өсөж, ковидын өмнөх хэвийн эдийн засгийн горимдоо гурван жилийн дараа оров.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2023 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банк /EBRD/-наас 7.6 хувьд хүрнэ гэж зарласан бол Монголбанк 4-5 хувь гэсэн төсөөлөлтэй байна. Гэвч энэ оны эхэн үеийн эдийн засгийн нөхцөлүүд хэвээр хадгалагдвал өсөлт 8 хувьд хүрэх боломж бий хэмээн Монголбанкныхан тооцоолж байна.

2022 онд манай улсын экспорт 31.3 хувь болж өссөн. Экспортын 94 хувь буюу 13-14 тэрбум доллар нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Өнгөрсөн онд манай улсын нүүрсний экспорт 31 сая тоннд хүрсэн нь экспортын өсөлтөд сайнаар нөлөөлсөн. Экспортын гол дөрвөн бүтээгдэхүүн нь нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр юм.

Эдийн засгийн 4.8 хувийн өсөлтөд санхүүгийн салбарын олгосон зээл багагүй нөлөө үзүүлжээ. Арилжааны банкуудас зээл хангалттай хэмжээгээр гарч байна. 2022 онд банкны салбараас олгосон зээл өмнөх оноос 1.3 их наяд төгрөг буюу 6.5 хувиар өсөж 31.4 их наяд төгрөгт хүрсэн. Төлөгдсөн зээл нь 29 их наяд болж өмнөх оноос 21 хувиар өссөн. Зээлийн өрийн үлдэгдэл 2 их наядаар өсөж, өнөөдрийн байдлаар 23 их наядын хэмжээнд байна. Банк санхүүгийн салбараас хувийн секторт очиж буй зээл тасалдаагүй, эдийн засагт үр нөлөөгөө өгсөн нь эдийн засгийн өсөлт болж илэрлээ. 2022 онд дэлхийн эдийн засаг 3.5 хувиар өссөн байна.

Зээлийн хүү 2019 оноос эхлэн эрчимтэй буурсан ч 2020 оноос ковид гарснаар аажмаар өссөн. Арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 14.8 хувь байна хэмээн Төвбанкны ерөнхийлөгч энэ сард сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурдсан билээ.

2022 оны эдийн засгийн өсөлтийг задалж харахад:
Уул уурхайн салбарын өсөлт 2019 оны ковидын өмнөх түвшиндээ хараахан очоогүй байгаа. Харин уул уурхайн бус худалдаа, үйлчилгээ, боловсруулах салбарт 4-5 хувийн өсөлт гарсан. Гэхдээ өнөөдрийн эдийн засгийн сэргэлт баталгаажиж тогтвортой түвшинд хүрээгүй эмзэг хэвээр байгааг мартаж болохгүй. Тогтворжуулах бодлого явуулах ёстой аж.

Тийм ч учраас Мөнгөний бодлогын зөвлөл гуравдугаар сарын 14, 15-нд хуралдаж, бодлогын хүүг өсгөхгүй, хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа үүнтэй холбон тайлбарласан билээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр БНСУ, Индонезийн Төвбанк нь бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй байх шийдвэрээ зарласан. Монгол Улсын Төвбанк ч бодлогын хүүг хэвээр хадгалах бодлого барьж байна. Инфляци энэ оны хагасаас хойш нэг оронтой тоонд орвол бодлогын хүүг инфляцид нийцүүлэн бууруулах боломж бүрдэнэ гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярьсан.

2023-2024 ОНД ЗЭСИЙН ҮНЭ ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Олон улсын геополитикийн асуудал буюу Орос Украины мөргөлдөөн хэрхэх нь тодорхойгүй. Улс орнууд ОХУ-д тавих хориг арга хэмжээгээ нэмэгдүүлсээр байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлнэ. БНХАУ манай уул уурхайн бүтээгдэхүүний 94 хувийг худалдан авдаг. Өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт сайн байвал манайхаас авах экспортын хэмжээ нэмэгдэх бөгөөд манай улсын экспортын бүтээгдэхүүний үнэ бидэнд чухал юм.



Манай улсын экспортын гол түүхий эдийн нэг зэсийн үнэ 2023 оны хоёрдугаар сард 8300 ам.доллар байсан бол гуравдугаар сарын эхээр 9000 давсан. Bloomberg, Goldman Sachs зэрэг байгууллагын шинжээчдийн дүгнэлтүүдээс харахад
2023-2024 онд зэсийн үнэ тогтвортой, өсөх магадлалтай байна. Алтны үнэ савлахгүй тогтвортой, төмрийн хүдрийн үнэ бага зэрэг буурах, нүүрсний үнэ өнөөгийн хэмжээнд тогтвортой байна гэсэн төлөв гарсан.

ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 2022 ОНД 727 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ ГАРЛАА

Монголбанк төлбөрийн тэнцлийг тооцож гаргадаг. Монголбанкны статистикаар 2022 онд төлбөрийн тэнцэл 727 сая ам.долларын алдагдалтай гарав.

  • Экспорт- 9.8 тэрбум төгрөг
  • Импорт- 8.6 тэрбум төгрөг
  • Хамгийн том буюу 2.3 тэрбум долларын алдагдал хүлээсэн нь үйлчилгээний салбар.

Барааны импорт:
Оюу Толгой компанийн гүний уурхайн олборлолт 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр эхэллээ. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх бэлтгэл хангахад шаардагдах машин механизм, хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг үлэмж хэмжээгээр худалдан авсан нь импорт 38 хувь буюу 3.3 сая долларт хүрэхэд жинтэй хувь нэмэр оруулжээ. Тиймээс Оюу Толгойгоос хамаарах импортын орлого 2024 оноос буурна хэмээн шинжээчид төсөөлж байна.

Хэрэглээний бүтээгдэхүүний импорт 2022 онд 31 хувь буюу 2.7 орчим сая долларт хүрчээ. Үүнийг задлан харвал:

  • Хүнсний бүтээгдэхүүн- 1.084 сая доллар
  • Автомашин 692 сая доллар
  • Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ба тавилга- 198 сая доллар байна.

Монголчууд жилдээ 2.6 тэрбум долларын бүтээгдэхүүн импортлон авч байна. Үүнээс суудлын автомашины импорт 2021 онд 450 сая байсан бол 2022 онд 700 сая ам.доллар болсон нь анхаарал татаж байна.

Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээгээр 2023 оны гуравдугаар сарын 20-ныг хүртэлх гурван сар хүрэхгүй хугацаанд монголчууд 12491 ширхэг суудлын автомашин, 3393 ачааны машин тус тус импортолжээ.

Монголчуудын суудлын автомашины хэрэглээ ийн хурдтай нэмэгдэж байгаа нь сайн гэхээс илүү сөрөг үр дагавар ихтэйг Төвбанк онцолж байна. Сөрөг үр дагавруудаас тоочвол валютын гарах урсгал, шатахууны хэрэглээ нэмэгдэнэ. Машин, шатахуун хоёрт манай улс валютын нөөцийнхөө үлэмж төлж байна. Үүнээс үүдэлтэй нийгэмд үзүүлэх сөрөг үр дагавар нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл болон та бидний цаг, мөнгийг барна.

Монголбанк 2022 оны эхнээс арилжааны банкуудын олгох хэрэглээний зээлийн хугацааг 30 сар болгон багасгасан нь нэг талдаа автомашинд валютаа барах “синдромд” хязгаар тавьж эрэлт талд гацаа үүсгэсэн зохицуулалт юм. Тансаг хэрэглээний Land Cruiser 300, Lexus LX 600 зэрэг суудлын автомашины захиалга Монголд 2023 оны наймдугаар сар хүртэл дүүрсэн гэх албан бус мэдээлэл байна.

Хэрэглээний зээлийн хугацаанд хязгаар тавиад байхад автомашины импорт яагаад өсөөд байна вэ. Энэ мөнгө хаанаас гарч байна вэ, гэж үү?. Сүүлийн үед бэлнээр төлөх нь нэмэгдсэн. Банк зээлийн хугацааг хязгаарлаад эхэлмэгц зээлдэгчид ББСБ-ууд руу шилжсэн. Үүн дээр автомашин болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тавилга зэрэг бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниуд өөрсдөө санхүүгийн лизинг хийдэг болсон.

Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль 2006 онд анх батлагджээ. Энэ хуульд санхүүгийн түрээс хийхэд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байхаар тусгасныг одоо эргэн харах цаг болсныг Монголбанкны ерөнхийлөгч яриандаа дурдсан.

Хуульдаа өөрчлөлт оруулж санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх бол тодорхой шалгуур давж, тусгай зөвшөөрөл авдаг боллоо гэхэд нөгөө талд ББСБ-ууд зээлээ гаргасаар байх болно. Арилжааны банкнаас 2 дахин өндөр хүүтэй ББСБ-ын зээлийг төлж болохоор байвал машинаа авна уу, тавилгаа авна уу таны хэрэг юм.

Төлбөрийн тэнцэл 2022 онд 727 сая ам.долларын алдагдалтай гарсан тухай дээр өгүүлсэн. Монгол Улсыг бага утгаар нь авч үзвэл нэг өрх айл гэсэн үг. Тэр айл орлогоосоо давсан зарлага гаргаж, зээлээр худалдан авалт хийж байгаатай ижил ойлголт юм.

Тэр утгаар төгрөг долларын эсрэг суларч үнэ цэнээ алдах эдийн засгийн суурь хүчин зүйл болдог. Монголбанк доллар хэвлэхгүй. Зэс, алт, нүүрс зэрэг экспортын орлогоо нэгтгэж, хэрэглээндээ зарцуулах зохицуулалтыг хийдэг. Бид тансаг хэрэглээг шүтэж доллараа машин болгон үрж байгаа ч орлогоосоо давсан зарлагатай, өрнөөс өрний хооронд авдаг өрхтэй л ижил байгаа юм.

2022 онд монголчууд төмрийн хүдрийн экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүүлсэнтэй тэнцэх хэмжээний үнээр суудлын автомашин худалдан авсан гэх харьцуулалт харагдаж байна.

Хоёр жил дараалан 10-аас дээш хувьтай байсан инфляцын өсөлтөөс хамгийн их хохирол амсаж байгаа нь иргэд. Иргэдийн орлогыг хамгаалах ямар шийдэл байна вэ?
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Инфляцын өсөлтийн 50-аас дээш хувь нь гадаад хүчин зүйлээс шалтгаалж байна. Ковидоос хойш инфляцид тээврийн зардал өндөр дүнтэй тусаж байв. Өнөөдөр нэг чингэлгийн ачаа тээвэрлэх зардал 2500 ам.доллар буюу 2019 оны түвшиндээ очиж буурсан нь нэмэлт дарамт учрахгүй байх боломжийг нэмэгдүүлнэ.
2023 оны Улсын төсвийн зардал 20 их наяд буюу ДНБ-ий 36-37 хувьтай тэнцэж байна. Энэхүү өндөр дүнтэй зардалд цалинг 10-15 хувь нэмсэн, бодит орлого нь буурсан иргэдэд очих халамж энэ оны төсөвт тусгагдсан учир орлого буурах нэмэлт эрсдэл гарахгүй болов уу гэсэн хүлээлт байна.

2023 ОНД 1.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ГАДААД ӨР ТӨЛБӨР ТӨЛНӨ

2023 онд хийх гадаад өр төлбөрүүд:
2023, 2024 он бол Монгол Улс өр төлбөрөө хамгийн өндөр дүнгээр хийх хуваарьт жилүүд юм. Зөвхөн Засгийн газрын баталгаатай компаниудын төлөх өр нь нийт 1.3 тэрбум ам.доллар. Засгийн газрын босгосон Евро, Гэрэгэ бондын төлбөр, Хөгжлийн банкны Евро бонд, иенээр авсан Самурай гэсэн гурван бондын нийлбэр төлбөр 1.3 тэрбум доллар.

Засгийн газар 2023 оны нэгдүгээр сард гадаад зах зээлээс 650 сая долларын бонд босгосон. Үүгээр 1.3 тэрбум долларынхаа талыг төлнө. Самурай бондын иенээр төлөгдөх 250 сая орчим доллартай тэнцэх хөрөнгийг Хөгжлийн банк худалдаж аваад өөрийн дансандаа хадгалсан. Үлдэх 300-400 сая долларын өрийг экспортын болон бусад орлогоос санхүүжүүлэх боломжтой гэж харж байна. Энэ бол Хөгжлийн банкны өр. Хөгжлийн банкинд зээл төлөгдөж, эх үүсвэр төвлөрч байгаа ч энэ бол төгрөгийн эх үүсвэр. Үүнийг доллар болгож төлбөрөө хийх ёстой учир Монголбанкны валютын нөөцөөс тодорхой хэмжээгээр худалдаж авах болов уу?

Эцэст нь...

Төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах ямар шийдэл байна вэ?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, 2022 онд Монгол Улс 31 сая тонн нүүрс экспортолсон бол энэ онд 40-45 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан талаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдэгдсэн. Энэ зорилт биелэхийн дээр уурхайн амнаас тонн тутмыг 100 ам.доллараар зардаг байсныг 2023 оны хоёрдугаар сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК Хөрөнгийн биржээр дамжуулан 170 ам.долларт хүргэн худалдаж эхэлсэн. Энэ эерэг эхлэл урт хугацаандаа тогтворжвол экспортын орлого бодитоор нэмэгдэж, 2023 онд төлбөрийн тэнцлийн алдагдалгүй гарах боломж харагдаж байна.

Төлбөрийн тэнцлийг сайжруулахад дараах гурван зүйл дээр төвлөрье. Үүнд:



Эдгээр нөхцлүүд зэрэг биелбэл төлбөрийн тэнцэл энэ онд 800 саяас 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарах боломжтой гэж үзэж байна.

Энэтхэгийн сүмд робот заан ашиглажээ
Энэтхэгийн сүмд робот заан ашиглажээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ