С.Амарсайхан: 16 жил газрын асуудлаар явсан иргэнтэй уулзлаа. Газрын зөвшөөрөл нь ойлгомжгүйгээр хүчингүй болсон зэрэг хүндрэл байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 5 секунд

С.Амарсайхан: 16 жил газрын асуудлаар явсан иргэнтэй уулзлаа. Газрын зөвшөөрөл нь ойлгомжгүйгээр хүчингүй болсон зэрэг хүндрэл байна

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан ажиллаж, иргэдтэй уулзлаа. Энэ үеэр иргэдийн санал, гомдлын талаарх тоон мэдээллийг тус төвийн албаны эх сурвалж өгсөн юм.

2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс хойш иргэдээс 6,465 гомдол, 1,677 санал, 2,098 хүсэлт, 358 талархал, 112 шүүмжлэлийг хүлээн авсан байна. Дээрх хугацаанд

  • Нийслэлийн засаг даргын Тамгын газарт 2,937
  • Эрүүл мэндийн яаманд 344
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 230
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 204
  • Сангийн яаманд 149
  • Зам, тээврийн хөгжлийн яаманд 133
  • УИХ-ын тамгын газарт 100
  • Татварын ерөнхий газарт 85 иргэн тус тус санал, гомдол хүргүүлжээ.

Эрт илрүүлэг, шинжилгээтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарын санал, гомдол хандалт ихтэй байгаа аж. Хоёрдугаарт, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэд санал их ирүүлж байгаа гэдгийг мэдээллээ.

Засгийн газрын гишүүд, холбогдох яамны сайд нар долоо хоног болгон иргэд, олон нийтэд уулзаж байгаа. Энэ хүрээнд Шадар сайдын ажлын алба, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар(МХЕГ), Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө газар(ШӨХТГ), Стандарт хэмжил зүйн газрын удирдлагууд 11-11 төвд ажиллалаа.

Шадар сайд С.Амарсайхан "Хүний амьдрал баян, асуудал их байгаа учраас иргэдтэй уулзах уулзалтын үеэр бүх салбарын гомдол гарч байна. Жишээ нь, 16 жил газрын асуудлаар явсан иргэнтэй уулзлаа. Тухайн иргэний хувьд газрын зөвшөөрөл нь ойлгомжгүйгээр хүчингүй болсон гэх мэтчилэн хүндрэл байна.

Түүнчлэн хэлмэгдсэн төрөл төрөгсдийнхөө асуудлыг Цагаачлалын комиссоор шийдвэрлүүлж чадахгүй удаж байгаа талаар гомдол ирсэн. Энэ бүх асуудлыг шат шатанд нь уламжилж, эргээд гүйцэтгэлд хяналт тавина. Үүнийг долоо хоногийн хугацаатай шалгаад Шадар сайдын Ажлын албанд мэдэгдэх юм. Өөрөөр хэлбэл, иргэнд санал хүсэлтийнх нь хариу эргээд очно гэсэн үг.

Иргэдийн гомдлыг хүлээн авч, шийдвэрлэнэ гээд жижүүрийн хариу өгөөд явдаг бус, бодитой арга хэмжээг авдаг байх нь чухал. Тиймээс ч өнөөдөр МХЕГ, ШӨХТГ, Стандарт хэмжил зүйн газрын удирдлагууд боломжтой хариуг нь иргэдэд газар дээр өгөх юм.

Өндөр үнэтэй барилга, орон сууц аваад сар болгон ипотекийн зээл төлдөг. Тэр хүрээнд санхүүгийн ихээхэн дарамт үүрч байгаа асуудал бий. Гэвч барилга нь чанаргүй, ашиглалтад ороогүй байхдаа мөөгөнцөртдөг, хана, тааз нь нураад унадаг талаар гомдол ирж байна" хэмээн хэллээ.

Буянт-Ухаа нисэх буудлыг хүмүүнлэгийн чиглэлээр ашиглах боломжийн талаар санал солилцлоо
Буянт-Ухаа нисэх буудлыг хүмүүнлэгийн чиглэлээр ашиглах боломжийн талаар санал солилцлоо
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ