Францын засгийн газрын эмэгтэй сайд “Playboy” сэтгүүлийн нүүрэнд зургаа тавиулаад шүүмжлүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
3 минут 4 секунд

Францын засгийн газрын эмэгтэй сайд “Playboy” сэтгүүлийн нүүрэнд зургаа тавиулаад шүүмжлүүлэв

Францын засгийн газрын нийгмийн асуудал хариуцсан сайд Марлен Шиаппа алдартай сэтгүүлийн нүүрэнд зургаа тавиулахаар болсон нь олон хүний шүүмжлэл дагуулаад байна.

Эмэгтэйчүүд, бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагч, фэминист Шиаппа үе үе консерватив улс төрчдийг бухимдуулсан үйлдэл гаргадгаараа алдартай.

Гэхдээ энэ удаа “Playboy” эротик сэтгүүлийн франц хэл дээрх хувилбарын нүүрэнд хувцастай зургаа авхуулсан нь дан ганц сөрөг хүчнийхний ч биш, өөрийнх нь намынхан, ерөнхий сайдын зүгээс шүүмжлэл сонсоход хүргэжээ.

“Эмэгтэйчүүдийн бие махбодоо хүссэн зүйлдээ ашиглах эрхийг би үргэлж хамгаалах болно. Хуучинсаг, хоёр нүүртэй хүмүүсийг бухимдуулсан эсэхээсээ үл хамаараад эмэгтэйчүүд Францад эрх чөлөөтэй” гэж тэр Бямба гарагт твиттер хуудсандаа бичсэн нь өөрийн шийдвэрийг хамгаалсан хэрэг байв.

Улс орон даяар тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн иргэдийн бухимдал эрчимжиж буй энэ цаг үед сэтгүүлийн нүүрэнд брэндийн хувцастай зургаа тавиулах нь хэр оновчтой шийдвэр болох талаар Францын ерөнхий сайд Элизабет Борн танхимынхаа сайдтай Бямба гарагт ярилцсан юм байна.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тэтгэврийн насны босгыг 62-оос 64 болгон ахиулах болсон нь нийгмийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байгаа.

“Эмэгтэйчүүд бие махбодоо яаж ч ашиглаж болно. Гэхдээ үүнийг нийгэм хэрхэн хүлээж авах бол. Хоёр жил илүү ажиллаж байж тэтгэвэртээ гарах болоод байгаа, инфляцын улмаас хоол хүнсээ яая гэж байгаа хүмүүс үүнийг юу гэж ойлгох вэ. Францын ард түмнийг хүндлэх ёстой биш үү” гэж эрх баригчдыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг, Ногоон намаас сонгогдсон парламентын гишүүн Сандрин Россо мэдэгджээ.

Харин “Playboy” сэтгүүлийн эрхлэгч сайд эмэгтэйн зургийг нүүрэндээ залах болсон үндэслэлээ тайлбарласан байна.

“Шиаппа бол Францын засгийн газрын сайд нараас сэтгүүлд зургаа нийтлүүлэхэд хамгийн их тохирох эмэгтэй. Учир нь тэр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгчээс гадна манай сэтгүүл хуучинсаг мачо улс төрчдөд зориулагдаагүй, харин фэминист үйл хэргийн индэр болохыг сайн ойлгодог улс төрч юм” гэж сэтгүүлийн эрхлэгч Жан Кристоф Флорентин мэдэгджээ.

Хоёр хүүхдийн эх, 40 настай Марлен Шиаппа улс төрч болохоосоо өмнө алдартай зохиолч, блог хөтлөгч байсан юм. 2018 онд тэр хүйсийн тэгш эрх хариуцсан сайд байхдаа гудамжинд эмэгтэйчүүдийг өдөж хоргоох үйлдлийг хориглосон хуулийг санаачилж байжээ.

Эх сурвалж: AFP

“Wechat”-аар дамжуулан хятад жуулчдаас төлбөр хүлээн авах боломж нээгдлээ
“Wechat”-аар дамжуулан хятад жуулчдаас төлбөр хүлээн авах боломж нээгдлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ