Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг төслөө өргөн барилаа.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг дараах таван онцлогтой төсөл боловсруулаад байгаа юм.
- Сонгуулийг 38:38 гэсэн холимог тогтолцоогоор явуулна. Гишүүдийн 50 хувь нь тойргоос, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдоно гэсэн үг.
- Сонгуулийн зардлыг бууруулах хэд хэдэн заалт оруулсан.
- Гадаадад байгаа сонгогчдын саналыг авна.
- Намуудын УИХ-д суудал авах босго оноо гурван хувь байна. 2012 онд таван хувь байсныг бууруулж гурав болгосон.
- Эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй хувь байлгана. Өмнөх хуулиар 20 хувь байсан.
Засгийн газар УИХ-ын сонгуулийн тухай хуульд 30 гаруй санал өгсөн. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ "Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүдийн боловсруулсан хуульд Засгийн газраас 30 гаруй төрлийн санал өгсөн. Тэдгээрээс гурван зүйлийг нь онцолмоор байна. Нэгдүгээрт, дээрх гишүүдийн боловсруулсан гишүүдийн хуулийн төслийн хүрээнд парламентын гишүүдийн боловсруулсан хуулийн төслөөр жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс парламентын нийт гишүүдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна гэдгийг боловсруулан оруулж ирсэн. Мөн гурван эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн эрэмбээр жагсаалтыг эрэмбэлнэ гэсэн саналыг боловсруулсан байна. Тиймээс эмэгтэйчүүдийн төлөөллийг хангалттай болгох зарчмыг баримтлаад, эмэгтэйчүүдийн оролцоог тэгш болгох боломж гаргах саналыг Засгийн газраас өгсөн. Энэ нь эмэгтэйчүүдийг дарга болгох зорилготой бус. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх юм. Ингэснээр олон жил яригддаг, бодит үр дүнд хүрдэггүй асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байна. Жил бүхэн намууд 20 орчим эмэгтэйг нэр дэвшүүлдэг. Харин хууль өөрчилснөөр хамгийн багадаа 19 эмэгтэй гишүүнтэй болох боломжтой болно" гэсэн юм.