НББХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 25 секунд

НББХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.04.11) хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүний санаачилж, өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль, тогтоомжийн дагуу төрөөс олгох ноосны, сүүний, арьс ширний, улаанбуудайн урамшууллыг жил бүр улсын төсөвт суулган шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэдэд олгодог. Тухайбал, 2020 онд ноосны урамшуулалд 19.4 тэрбум төгрөгийг 46828 малчинд, сүүний урамшуулалд 4.3 тэрбум төгрөгийг 6516 малчин, мал бүхий этгээдэд, улаанбуудайн урамшуулалд 22.4 тэрбум төгрөгийг 797 иргэн, аж ахуйн нэгжид, арьс ширний урамшуулалд 9.9 тэрбум төгрөгийг 37825 мянган малчин, мал бүхий иргэдэд олгосон байна. Тэгвэл 2021 онд гэхэд ноосны 31.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 91977 малчинд олгосон бол улаанбуудайн 22.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 767 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй малчин, тариаланчид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлөх хуулийн зохицуулалттай. Улс орны хүнсний хангамж, үйлдвэрлэлийн суурь болдог эдгээр салбарын үйл ажиллагаа улирлын чанартай, байгаль, цаг уурын хамаарал бүхий нөхцөлд явагддаг зэрэг олон шалтгаанаар малчин, тариаланчид нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлж чадахгүй, тасалдуулах, төлөхгүй байх явдал гарч байгаа юм. Малчид, тариаланчдад төрөөс олгож буй урамшууллыг нэгэнт улсын төсөвт жил бүр тогтмол суулган олгож байгаа тул эдгээр иргэдийн шимтгэлийг уг урамшууллаас суутгаж төлөх боломжийг хуулиар зохицуулах үүднээс Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн энэхүү хуулийн төслийг боловсруулсан юм. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын зургааны нэгдсэн хуралдаанаар хийж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдааны эхэнд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг танилцууллаа. Ажлын хэсэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг нягтлан хэлэлцээд, зарим саналыг авч төсөлд тусган, заримыг авах шаардлагагүй гэж үзсэн байна. Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байна
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ