Хөдөө аж ахуйн зориулалттай техникээрээ дэлхийн брэнд болж чадсан Япон улсын “Кубота” үйлдвэрийн борлуулалтын төв Монголд 2019 онд байгуулагдсан бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээ албан ёсоор зарлалаа.
Эл өдөр Монголд Кубота брэндийн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжүүдийг худалдан борлуулах, засвар үйлчилгээ үзүүлэх Үзэсгэлэнгийн танхим, засварын төвийн нээлтийн өдөрлөг боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Япон дахь “Кубота” корпорацын захирлууд, Монголд суугаа Япон Улсын Элчин сайд зэрэг албан төлөөлөгчид болон Монголын харилцагч, үйлчлүүлэгчдийн төлөөлөл, зочид оролцсон юм.
Үзэсгэлэнгийн танхим, засварын төвийг олон улсын стандартаар байгуулж, байгальд ээлтэй байхыг зорин дахин боловсруулсан саарал ус засвар үйлчилгээндээ ашиглахаар төлөвлөсөн байна.
Япон улсын Осака хот дахь “Кубота” корпорацын төв үйлдвэрээс үр тариа, хадлан тэжээл, төмс, хүнсний ногооны зориулалттай 23-135 морины хүчтэй тракторуудыг “Эм жэй агритех” компани зах зээлд нийлүүлж байна.
“Кубота”-гийн Японд оношилгоонд орсон, үнэлгээ сайн, ашигласан мото цаг багатай хуучин тракторуудыг ч худалдан борлуулж, техник, тоног төхөөрөмжүүддээ баталгаат засвар, үйлчилгээ, оригинал сэлбэг хэрэглэх, лизингд хамрагдах боломжийг бүрдүүлэн хөдөө аж ахуйн техник, хэрэгслийн үйлчилгээнд япон чанар, стандартыг нэвтрүүлж байна.
Нээлтийн арга хэмжээнд зориулж 1998 онд “KR-2” төслийн хүрээнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголд 200 ширхэг үр тарианы том оврын “Kubota M1-100”, “Kubota M-9000” трактор нийлүүлсэн бөгөөд одоо хүртэл тариаланчид ашиглаж байгааг үзүүлэхээр Сэлэнгэ, Дорнод аймгаас 2 тракторыг авчирч үзэсгэлэнд тавьсан байлаа. “Эм жэй агритех” компанийн зөвлөх Кимихиро Ито “төлөөлөгчийн газаргүй атлаа 25 жилийн өмнө нийлүүлсэн энэ тракторууд одоо ч Монголын газар тариаланд ашиглагдаж байгаа нь Куботагийн чанарыг харуулж байгаа ч нөгөө талаас монголчууд техникийг гаргууд эзэмшдэгийг илтгэж байна” хэмээн тайлбарлав.