Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2023.04.14/ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана", “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно" гэж нэмэлт оруулсныг дурдаад, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийгдэх хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд хуулийн төсөл орж ирж байна. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн энэ үед хамтад нь анхаарал хандуулаад явах нь зүйтэй хэмээсэн. Мөн тэрбээр “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний Зөвлөлдөх санал асуулгын дүнг үндэслэн гаргасан Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжид “Улс төрийн намын хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалтыг ил тод, олон нийтийн хяналттай болгох эрх зүйн шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай” хэмээн тусгасныг онцлоод, иргэдээс хамгийн ихээр санал болгосон зөвлөмжүүдийн нэг тул УИХ ач холбогдол өгч, хариуцлагатай хандах учиртай гэлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021-2027 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт “Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийруүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, санхүүжилтийг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд санаачилна." гэж заасан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэгдэл болох улс төрийн намын эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулж парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар захирамжаар байгуулсан гэв.
Уг ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулах хүрээнд парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллийг хангасан олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага хийсний зэрэгцээ хуулийн төслийн талаарх санал авахаар Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх намуудад 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр илгээж хуулийн төсөлд Улсын Их Хурал суудал бүхий бүх намуудаас болон бусад улс төрийн намуудын саналыг авчээ.
Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хуулийн төсөл, түүнийг дагалдах хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэн холбогдох саналыг авч төсөлд тусгасан гэлээ.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын шинжтэй дараах зүйлийг тусгажээ. Үүнд:
Хуулийн төслийн нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, улс төрийн намын эрх, үүрэг, намд эвлэлдэн нэгдэх иргэний эрх, намын дотоод зохион байгуулалт ардчилсан байх, нам цахим орчинд үйл ажиллагаа явуулах, намын үйл ажиллагаанд хориглох зүйл;
Хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт улс төрийн намыг үүсгэх байгуулах, бүртгүүлэх, сонгуулийн төв байгууллагын уламжилснаар Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах зохицуулалтын талаар;
Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт намын бүтэц зохион байгуулалтыг дэлхийн чиг хандлага, дотоод ардчилал, хүний эрх, жендерийн тэгш эрхийг хангах зарчмуудын дагуу уян хатан бүтэцтэй, хүний эрхийг дээдэлсэн, гишүүдийн оролцоо, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн оролцоог дэмжсэн, бодлогын нам болж ажиллах асуудлыг;
Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт намын үйл ажиллагааг идэвхгүйд тооцох, өөрчлөн байгуулах, намын үйл ажиллагааг зогсоох, намыг тараах зохицуулалт;
Хуулийн төслийн тавдугаар бүлэгт улс төрийн намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл шалгуур, түүний мөнгөн болон мөнгөн бус хэмжээ, хуваарилалт, шилэн санхүүжилтийн зарчим, зарцуулалтын зориулалт, гишүүний татвар, хандив, намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлогын талаар;
Хуулийн төслийн зургадугаар бүлэгт намууд санхүүгийн тайлан гаргах, тайланг мэдүүлэх, аудит хийлгэх, сонгуулийн төв байгууллага тайланг нягтлан шалгах, нийтэд мэдээлэх, улмаар намын тайлантай холбоотой алдаа зөрчилд тооцох хариуцлагын талаар, долдугаар бүлэгт бусад асуудлыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар улстөрийн намын эрх зүйн орчин сайжирч энэ хүрээнд дараах эерэг үр дүн авчирна хэмээн хууль санаачлагч үзжээ.
Тухайлбал,
- Улс төрийн намын хариуцлага дээшилж, намын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцэн, түүний санхүүжилт ил тод болох, намын гишүүдийн эрх, үүрэг, сахилга хариуцлага дээшлэх, санхүү болон үйл ажиллагааны тодорхой асуудлуудаар сонгуулийн төв байгууллагад тайланг гаргах замаар олон нийтийн хяналтыг сайжруулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж буй аж.
- Түүнчлэн улс төрийн нам бодлогын институц болон төлөвших бөгөөд нам улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллах, үйл ажиллагаа, сонгуулийн мөрийн хөтөлбөр нь улс орноо хөгжлийн бодлогод захирагдан ажиллах, төрийн өндөр ёс зүйтэй алба хаагчийг бэлтгэх, төр ард түмний гүүр болж, иргэдэд улс төрийн боловсрол олгох институц болон төлөвших үндэс бүрдэнэ;
- Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, хяналт сайжирна. Намын санхүүжилтэд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн механизмыг боловсронгуй болох, түүнийг хяналтыг олон нийтэд ил тод, нээлттэй, шилэн болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийгдэнэ. Намын санхүүжилт дан ганц сонгуулийн үед бус өдөр тутмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болох эрх зүйн үндэс бүрдэнэ. Түүнчлэн намд өгөх иргэд, аж ахуй нэгжийн хандив, түүнийг захиран зарцуулалтад сонгуулийн төв байгууллага хяналт тавих замаар намын үйл ажиллагаа хариуцлагатай болон төлөвших үндэс бүрдэнэ;
- Улс төрийн намын гишүүдийн тэгш оролцоог хангана. Намыг бодлогын институц болон төлөвших нэгэн гол үндэс нь намын гишүүнчлэлийн статусыг тодорхой болгох эрх зүйн үндэс бүрдүүлэх хэлбэрээр энэхүү шинэтгэл илрэн гарна. Энэ хүрээнд намын дэмжигч гишүүн хэмээх эрх зүйн орчныг бүрдүүлснээр намын бодлого, үйл ажиллагаанд ач холбогдол өгч, үнэт зүйлд үндэслэн бодлогын намын үйл ажиллагаанд дэмжин оролцох эрх зүйн үндэс бүрдэнэ. Түүнчлэн гишүүдийн тэгш оролцоог хангах, улс төрд төлөөлөл нь бага хангагдаж буй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд жендерийн тэгш байдал, залуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын өөрчлөлт баталгаажих нөхцөл бүрдэнэ;
- Улс төрийн намуудын дотоод ардчиллыг хөгжүүлнэ. Иргэдийн сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийг баталгааг хангах хүрээнд намын бүтэц, сонгууль, гишүүдийн оролцоог хуульд тусгах замаар намын дотоод ардчиллыг дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлнэ хэмээн үзэж буй аж.
Дээрх цогц улс төрийн намын шинэтгэлийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын үндэс болсон иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө баталгаажиж, намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшин бууруулахад эерэг үр дүн авчирна гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.