ОБЕГ
“Амжилт дагуулсан 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт Төв аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Г.Эрдэнэбатыг урилаа.
Тэрбээр 2003-2007 онд Цагдаагийн Академийг Эрх зүйч-Гал түймэртэй байгууллагын ажил мэргэжлээр, 2008-2010 онд Орхон их сургуулийг Хууль зүйн ухааны магистрын зэрэг, 2012-2015 онд ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Москва хотын Гал эсэргүүцэх Академийг Хүрээлэн буй орчны аюулгүй байдал мэргэжлээр, 2016-2019 онд ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Иргэний хамгаалалтын Академийг судлаач, Багш-судлаач мэргэжлээр тус тус суралцан төгссөн.
Ажлын гараагаа 1998 онд Төв аймгийн Гал түймэртэй тэмцэх албаны Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангид жолоочоор эхлүүлж, 2007-2009 онд мөн ангид салааны захирагч, 2009-2011 онд Төв аймгийн Онцгой байдлын газрын Аврах отрядын дарга, 2011 онд Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, 2012 онд Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, 2016 онд ахлах байцаагч, 2020-2022 онд ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч, 2022 оны дөрөвдүгээр сараас өнөөг хүртэл газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар тус тус томилогдон ажиллаж байна.
– Солонгын 7 өнгөнөөс өөрийгөө аль өнгөтэй нь зүйрлэх вэ?
Цэнхэр өнгөтэй зүйрлэнэ. Өнгө бүр өөр, өөрийн гэсэн утга, агуулгатай байхаас гадна тухайн хүний ажил, мэргэжил, онцлогийг илтгэдэг. Албаны онцлогоо дагаад цэнхэр өнгө л нүдэнд дасал болж, илүү дурлах болсон байна.
-Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу? Яагаад?
Эрхэлж байгаа ажил, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, мэдэхийн төлөө, чадахын төлөө хичээхийг л зорьдог. Туршлагатай, мэдлэгтэй хүмүүсийн санаа бодлыг сонсох, бусдын хийж, хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, алдаа, оноог сургамж болгон авч, хувь хүн болоод албандаа тохируулан нутагшуулахыг зорьдог.
-Нас насны мөрөөдөл өөр, өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Хүүхэд насны мөрөөдөл тухайн үеийн орчин, нөхцлөөс хамаараад өөр байсан. Дунд сургуулиа төгсөөд үеийн найз нөхөд, ах нар дүрэмт хувцас өмссөн байхыг хараад гоё, сүрдмээр санагддаг байлаа. Жолооны ВС ангилалтай юм чинь гал унтраах автомашины жолооч болох боломжтой юм байна гэж бодоод анх албандаа орж байсан. Тэр цагаас хойш дэд хурандаа цолтой удирдах албан тушаалтан хүртлээ хоёргүй сэтгэлээр зүтгэж байна.
-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?
Удирдагч хүн хэзээ ч хувийн болон албаны бус ашиг сонирхолдоо нийцүүлэн үүрэг даалгаврыг өгдөггүй гэж боддог. Тухайн алба хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажлыг биелүүлэхийг л сануулж, шаарддаг. Алба хаагч өөрийн хариуцсан ажилдаа эзэн болж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, албаны нэр төрийг эрхэмлэх нь амжилтын үндэс гэж ойлгодог.
– Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?
Шүүмжлэл намайг илүү хурцалдаг. Сайхан санаа бодол, сайхан сэтгэл, чаддаг мэддэг зүйлийг нь магтаж урам зориг, эрч хүчийг өгдөг байх хэрэгтэй гэж ойлгодог. Мэдээж, мэдлэг дутсан, өөрийгөө дайчлахгүй байгаа хүнд зөвөөр шүүмжлэл хүртээх нь заримдаа магтаалаас илүү өгөөжтэй байгаа нь анзаарагддаг шүү.
-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?
Аз жаргалыг бид хэзээ ч, хаана ч мэдэрч болно. Өдөр тутмын амьдралаас, ажлаасаа, гэр бүлээсээ гээд… Түүнийгээ өөртөө болоод ойр тойрны хүмүүстээ мэдрүүлэх нь л чухал. Дуртай ажлаа хийж байгаа хүн хамгийн аз жаргалтай харагддаг. Ажлаа мэддэг, хийж чаддаг хүн амархан харагдуулдаг л болохоос амар ажил гэж байхгүй гэдэг шүү дээ.
-Таны бахархал?
Төрүүлж өсгөсөн ээж, аав, амьдралын бүхий л нугачаанд хамт байж, түшиж, дэмждэг хань, үр хүүхдүүд. Монгол хүний заяаг олж төрсөн газар, эх орон, Онцгой байдлын алба, хамт олон бол миний хамгийн дээд бахархал. Энэ бүх зүйлс миний төлөө байгаа учраас өдий зэрэгтээ амжилтанд хүрсэн гэж ойлгож, талархдаг бас бахархдаг.
-Таныг цэргийн хүнээс гадна өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ?
Аав маань насаараа тээврийн жолооч хийсэн хүн. Хэрвээ энэ албанд ороогүй бол аав шиг ээ алтан шар замыг өртөөлсөн хүн болох байсан байх. Онцгой байдлын албаны үе, үеийн ахмад алба хаагч, ажилтан, одоо үүрэг гүйцэтгэж байгаа нийт бие бүрэлдэхүүндээ ажлын амжилт, амьдралын сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе.