“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолыг батлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
28 минут 25 секунд

“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолыг батлав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.04.21) нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 53.4 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр боллоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 44 гишүүний 90.9 хувь нь, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг гишүүдийн 75 хувь нь, Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг батлахыг гишүүд 100 хувийн саналаар тус тус дэмжин, хууль, тогтоолуудыг эцэслэн баталлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг танилцуулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлттэй танилцсан. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос боловсруулсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 44 гишүүний 88.6 хувь нь дэмжив.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороог байгуулсан бөгөөд хугацааг нэг удаа сунгасан. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д “Хянан шалгах түр хороог зургаан сар хүртэл хугацаагаар байгуулна. Шаардлагатай бол мөн хугацаагаар нэг удаа сунгаж болох бөгөөд хянан шалгах түр хорооны ажиллах хугацаанд тухайн Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болсон бол түр хороог татан буугдсанд тооцно. Хянан шалгах түр хороо тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулснаар уг хороо татан буугдсанд тооцно” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулсан тул уг хороо татан буугдсанд тооцож буйг Улсын Их Хурлын дарга мэдэгдэв.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлж, томиллоо

Дараа нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг актуар тооцоололд үндэслэн боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэгтэй. Мөн эрүүл мэндийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үйл ажиллагааны болон удирдлагын зардлыг хянах, үнэлэлт, дүгнэлт өгөх; эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргийг хэрэгжүүлдэг. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний жагсаалтыг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл баталдаг байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн тогтоодог байна. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах үүргийг хэрэгжүүлдэг байна. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, чанарын болон санхүүгийн хяналтын асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус техникийн хороог тухайн асуудлаар мэргэшсэн шинжээч, судлаач, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, даатгуулагчийн оролцоотой байгуулж, ажиллах журмыг батлах, холбогдох шийдвэрийг техникийн хорооны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн гаргах, хууль тогтоомжид заасан бусад үүргийг гүйцэтгэдэг байна.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Тус Байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцжээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч, Шинжлэх ухааны байгууллагын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Т.Баясгалан, Ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын Нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Ш.Зоригоо, Монголын сумын эмч мэргэжилтнүүд холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуаг тус тус нэр дэвшүүлсэн байна.

Байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123, 126 дугаар зүйлийг баримтлан нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.8 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн гишүүний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй туршлагын талаар мэргэжлийн хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Л.Мөнх-Эрдэнийг томилох саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжиж томилсон байна. Хараат бус шинжээч нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичигтэй танилцаж, нэр дэвшигчтэй ганцаарчилсан ярилцлага хийж, гаргасан дүгнэлтээ нэр дэвшигчийн сонсголын үеэр танилцуулсан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, сонсголын тайлан гаргасан. Тус тайланг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Ц.Идэрбат Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан бөгөөд сонсголын тайланд даатгуулагчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшигч С.Эрдэнэбаяр, Т.Баясгалан, ажил олгогчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшигч Ж.Гэрэлмаа Н.Одонгуа нарыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзсэн байна. Харин ажил олгогчийг төлөөлсөн гишүүн, нэр дэвшигч Ш.Зоригоог эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн байгууллагад тодорхой албан тушаал хашдаг нь тусламж үйлчилгээ авдаг байгууллагад тодорхой даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, төлөөлөн тусламж үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлөл байж болохгүй гэсэн зарчмыг үндэслэн уг албан тушаалд тавигдах шаардлага хангаагүй гэж дүгнэсэн байна.

Цаашид Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд даатгуулагчийг төлөөлсөн нэр дэвшигчийг Улсын Их Хуралд санал болгохдоо Үндэсний зөвлөл нь санхүү эрүүл мэндийн эдийн засгийн нарийн судалгаа тооцоонд үндэслэн мэргэжлийн шийдвэр гаргадгийг харгалзан үйлдвэрчний эвлэлд олон жил ажилласан, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл гэхээс илүү нийт даатгуулагчийн эрх, хууль, ёсны, ашиг сонирхлыг хамгаалах, эрүүл мэндийн салбарын эдийн засгийн асуудлаар мэргэшсэн, мэдлэг ур чадвартай хүнийг дэвшүүлэхийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай талаар зөвлөмж хүргүүлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч С.Эрдэнэбат, Б.Алтанхуяг, ажил олгогчийг төлөөлсөн гишүүн нэр нэр дэвшигч Ж.Гэрэлмаа Н.Одонгуа нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, даатгуулагчийг төлөөлсөн гишүүн, нэр дэвшсэн Т.Баясгалан ажил олгогчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшсэн Ш.Зоригоо нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Туваан, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Д.Сарангэрэл, Ч.Ундрам нар Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэв. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тогтоолуудыг гаргахдаа судалгаатай, амьдралд хэрэгжихүйц шийдвэрүүдийг гаргахыг захиж байлаа. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг гүйцэтгэлийн тогтолцоонд шилжүүлсэн нь сумын эмнэлэгүүд дээр хүндрэл үүсгээд байгаа талаарх саналуудыг хэлж байв. Эл асуудалд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл анхаарал хандуулж, алслагдсан сум, орон нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч буй иргэдийн эрх ашгийг хангасан шийдвэр гаргахад анхаарахыг Ц.Туваан гишүүн захиж байлаа. Сумдын ихэнх хувьд үнэгүй эм очоогүй байгааг анхаарах, сумын эмнэлгийн ажилтнуудын цалин хангамж, ажиллах нөхцөлийг тооцож, Үндэсний зөвлөлөөс гаргах шийдвэрүүддээ анхаарахыг захиж байсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийгмийн эрүүл мэндийн асуудлыг хөндөж, иргэдийг аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах шаардлагын талаар хэлж, төрөөс энэ чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг хэлсэн.

Ийнхүү гишүүд Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Нэр дэвшигч С.Эрдэнэбатыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг Улсын Их Хурлын 50 гишүүний 60 хувь нь дэмжсэн бол нэр дэвшигч Б.Алтанхуягийг томилохыг 62 хувь нь дэмжив. Нэр дэвшигч Т.Баясгаланг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг Нийгмийн бодлогын байнгын хороо дэмжээгүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хорооны дээрх саналыг дэмжээгүй юм. Нэр дэвшигч Ш.Зоригоог Нийгмийн бодлогын байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжээгүй, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Байнгын хорооны дээрх саналыг дэмжээгүй тул Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо. Нэр дэвшигч Ж.Гэрэлмаа, Н.Одонгуа нарыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ийнхүү Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох саналуудыг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тогтоолын эцсийн найруулгыг уншиж, нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин танилцууллаа.

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай саналыг үндэслэн Эдийн засгийн байнгын хороо, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хамтран боловсруулсан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3 дахь хэсгийг үндэслэн уг асуудлыг дахин хэлэлцүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, холбогдох Байнгын хороонд буцаасан.

Эдийн засгийн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар тус тогтоолын төслийг дахин хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ч.Ундрам, С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Тогтоолын төсөл дэх зохицуулалт ерөнхий байгааг Б.Баттөмөр гишүүн хэлээд, нүүрсийг биржээр худалдах асуудлыг анхаарах, хувьцаат компани болох бэлтгэл ажлыг хангах, зөрчигдсөн технологиудыг зөв болгох, бүтээгдэхүүний үнийг бүс нутгийн ханшид хүргэх, өр авлага, иргэдэд олгох хувьцаатай холбоотой олон асуудлыг шийдвэрлэх шаардлага бий гэдгийг хэлсэн юм. Тус ХК-ийн хэрэгжүүлж байгаа том төслүүдийн хүрээнд байгуулсан гэрээ, гүйцэтгэл, үнэ өртгийг анхаарч, хянахтай холбоотой саналыг тэрбээр хэлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, тус компанийн 1072 ш хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашиг олгох талаар тодрууллаа.

Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Энэхүү тогтоолыг баталснаар Та бүхэнд хатуу үүрэг оноож байна. Онцгой дэглэм тогтоосон зургаан сарын хугацаанд компанийн удирдлага, зохион байгуулалтыг олон улсын зарчимд нийцүүлж, оновчтой, үр ашигтай бүтцийг бий болгож засаглалыг сайжруулах хэрэгтэй. Үүний үндсэн дээр нээлттэй сонгон шалгаруулалтаар компанийн удирдлагыг сонгон шалгаруулж, томилох нь зүйтэй. Нэр хүндтэй, олон улсын аудитын компаниар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд аудит хийлгэх хэрэгтэй. IPO гаргахаас эхлээд цаашид хийх олон ажлын үндэс юм. Олон жил хийлгэж байна гэж яриад байгаа, үүнийгээ эцэслэн, цэгцэлж Улсын Их Хуралд танилцуулаарай. Түүнчлэн гишүүдийн хэлж байсанчлан эрх зүйн хэм хэмжээг чанд сахих тал дээр онцгой анхаарч, болзошгүй эрсдлээс сэргийлж байх нь чухал гэдгийг хатуу санаж, дор бүрнээ анхаарч ажиллаарай” хэмээн сануулаад “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм.

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 7 гишүүний 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням нар тус тус танилцууллаа.

Улсын Их Хурлын 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолд мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэр, хадгалалт, тээвэрлэлт, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг мөрдүүлэх, хүнсний сүлжээний үе шат бүрд хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, түүнийг баталгаажуулах эрх бүхий итгэмжлэгдсэн байгууллагын тоог нэмэгдүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн явцад аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан эсэхэд тавигдах дотоодын хяналтыг нэмэгдүүлэх, хөндлөнгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож байгаа урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээнүүдийн хүрээнд Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын хүн амын нас баралтад амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судасны тогтолцоо, хавдар болон хоол боловсруулах эрхтний өвчин зонхилж статистик мэдээгээр 2021 оны байдлаар 65 хувийг эзэлж байна. Хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ чанартай баталгаатай байна гэдэг нь биологи, хими, физикийн аливаа хорт бодисоор бохирдоогүй байх юм. Хүн зөв зохистой хооллох, хоол хүнсний чанар баталгаажилт, хаяг шошгоны талаарх мэдлэг мэдээллийг авах, органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нь чухал гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ онцоллоо.

Хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүгнэлтэд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх, тэжээллэг, хүнд ээлтэй байгалийн гаралтай органик үйлдвэрлэлийг дэмжих, олон нийтэд сурталчлах, мэдлэгийг сайжруулах, органик брэнд бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чадвартай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд боловсруулах, баталгаажуулах, хяналт тавих, бүртгэл мэдээллийн сан байгуулах тогтолцоо бүрдүүлэх нь хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжин зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, бүс, орон нутгийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, органик хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортод гарах боломж бүрдэнэ гэдгийг Ч.Ундрам гишүүн хэллээ.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, бүс, орон нутгийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, органик хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экспортод гарах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэн төслийг боловсруулж, d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгаа гэв.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Д.Тогтохсүрэн гишүүн органик бүтээгдэхүүний тодорхойлолтын талаар, хуулийг батлахын ач холбогдол, хууль батлагдсаны дараа гарах зардлын тооцооллын талаар тодруулсан. Тухайн бүтээгдэхүүний бий болохоос хэрэглэгчийн гар дээр очих хүртэл бүх үе шат нь органик байх бөгөөд үүнийг хөндлөнгийн болон хамтын баталгаажуулалтын технологиор баталгаажуулах зохицуулалтын талаар Ч.Ундрам гишүүн хэллээ. Хуулийн төсөл батлагдсанаар нэн тэргүүнд хүнсний аюулгүй байдал сайжирна гэж үзжээ. Өнөөдөр манай улсад үйлдвэрлэгдэж буй нийт хүнсний бүтээгдэхүүний 1 хүрэхгүй хувь нь органик гэсэн баталгаажуулалтыг авсан байгаа бол үлдсэн 99 гаруй хувь нь тодорхойгүй байдгийг хэллээ. Түүнчлэн хууль дахь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд олгох дэмжлэгийн үр дүнд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхол нэмэгдэнэ гэж үзсэн байна. Улмаар экпортод гаргах, улмаар эдийн засгийг солонгоруулах, төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа төсөл санаачлагч илэрхийлсэн. Үүний зэрэгцээ органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд ямар нэг төрлийн химийн бодис, бордоо хэрэглэхгүй байх шаардлагатай учраас байгаль орчныг хамгаалах чиглэлд онцгой ач холбогдолтой гэдэг хариултыг Ч.Ундрам гишүүн өглөө. Эрдэмтэдийн хийсэн судалгааны үр дүнд органик тариалалт нь урт хугацаандаа хөрсний үржил шим, хүнсний ногооны ургалтыг эрс сайжруулдаг гэдгийг тогтоосон байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар нар төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Төслийн 15 дугаар зүйл дэх органик үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс үзүүлэх мөнгөн болон мөнгөн бус дэмжлэгийн талаар гишүүд тодрууллаа. Органик үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрийн дэмжлэг чухал хөшүүрэг болдог гэдгийг төсөл санаачлагч хэллээ. Органик бүтээгдэхүүн нь их хэмжээний хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж, өртөг шингээж байж бий болдог. Гэтэл үүнийгээ бусад бүтээгдэхүүнтэй ижил үнээр борлуулах боломжгүй байдаг учраас төр бодлогоор дэмжих шаардлага үүсдэг байна. Төсөлд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид олгох мөнгөн дэмжлэгт шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал, олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаанд баталгаажсан органик бүтээгдэхүүнийг оролцуулах зардал, дотоодод үйлдвэрлэсэн органик бордоог тариалангийн талбай, хүлэмжиндээ ашиглаж байгаа тариалангийн анхан шатны органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний 3 жилийн зардал зэргийг олгохоор тусгасан байна. Харин мөнгөн бус дэмжлэгт сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэх; органик бүтээгдэхүүнийг экспортолсон тохиолдолд үйлдвэрлэл эрхлэгчийн хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-иас доошгүй хувьд хүүгийн дэмжлэг үзүүлэх; дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж нутагшуулан шинэ нэр төрлийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн тохиолдолд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Мөн органик үйлдвэрлэл эрхлэгчид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт, сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэх боломжтой хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Саранчимэг, Ц.Даваасүрэн нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Тужийн нарсан ойн ажиглах цамхгийг тохижууллаа
Тужийн нарсан ойн ажиглах цамхгийг тохижууллаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ