Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа өнөөдөр (2023.04.24) засаг захиргааны анхан шатны нэгж болох нийслэлийн хороодын удирдлагуудтай хийж байна.
Нийслэлийн төвийн дүүргүүдээс санамсаргүй түүврээр сонгогдсон нийт 30 хорооны Засаг дарга нарыг “Өглөөний уулзалт”-д оролцуулан Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн “Хот хөдөөгийн сэргэлт” түүний зорилго, зорилтыг танилцуулж, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон хороодод тулгамдаж буй асуудал бэрхшээлүүдийг сонсож, санал солилцож байна.
Улаанбаатар хот есөн дүүрэг, 204 хороотой. Энэхүү 204 хороо нь нийслэлчүүдэд төрийн анхан шатны буюу суурь үйлчилгээг үзүүлж, төр иргэний гүүр болж ажилладаг. Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, төрийн албан хаагчдын хүнд суртлыг арилгах зэрэг асуудал болон төрийн гүйцэтгэх эрх мэдлийн болон бусад дээд байгууллагаас батлан хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагаа үр дүнтэй байх эсэх нь засаг захиргааны анхан шатны нэгж болох “Хороо” болон хороодын Засаг дарга нарын үйл ажиллагаанаас шууд хамаардаг онцлогтой.
Хороодын Засаг дарга нарын гаргасан санал, тэдэнд тулгардаг бэрхшээл, боломжийг сонсож, хамтран ажиллах шийдлээ тодорхойлсноор нийслэлчүүдийн амьдрах орчныг улам сайжруулж, төрийн бодлого шийдвэр бүрэн бодиттой хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тодотгов.
СХД-ийн 2-р хорооны Засаг дарга Б.Гантуяа:
- Манай хороо 2580 өрхтэй, 9500 гаруй хүн амтай. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд онцгой анхаарч өгмөөр байна. 2016 онд Э.Бат-Үүл даргын үед хийгдсэн дахин төлөвлөлтөөс болоод өнөөдрийг хүртэл манай хорооны олон хүн орох оронгүй байна. Анхнаасаа дэд бүтцийг нь дутуу шийдсэн юм билээ. Үүнд анхаарч өгмөөр байна. Ер нь гэр хороололд архидалт, хүчирхийлэл, гэмт хэргийн гаралт их байдаг. Мөн бүртгэлийн системийн буруугаас болоод 700 гаруй хүн манай хороонд ямар ч бүртгэлгүй амьдарч байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13-р хорооны Засаг дарга Н.Мөнхтогтох:
- Улсын төсвийн хөрөнгөөр манай хороонд ЕБС-ийн барилга баригдаж байгаа. Ирэх намар ашиглалтад орно. Манай хорооны хувьд хүндрэлтэй байгаа асуудал гэвэл 2019 оноос нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1.5 км үерийн далан шуудууны ажлыг эхлүүлсэн. Санхүүжилтээс болоод ажил нь зогсчихсон. Үүнийг хотын удирдлагууд анхааралдаа авч шийдвэрлэж өгмөөр байна. Мөн малгүй бүс гэдгээс болоод зэргэлдээ дүүрэг, хорооныхонтой үл ойлголцол их гардаг. "Сэлбэ" дэд төвийн дулааны станцыг манай хороонд бариад авто зам тавьж байгаа ч ажил нь зогсчихоод байна. Үүнд бас анхаарч өгмөөр байна.
Нийслэлийн БЗД-ийн 17-р хорооны Засаг дарга З.Цэрэнмаа:
-Баянзүрх дүүрэг 43 хороотой. 30 мянган хүн амтай, бараг нэг аймаг шиг хороо ч байдаг. Манай 17-р хорооны хувьд тулгамдаж байгаа хамгийн гол асуудал бол нэг ч сургууль, цэцэрлэг алга. Иргэд маань өөр дүүрэг, хороо руу хүүхдээ зөөж сургууль, цэцэрлэгт хамруулж байна. Мөн хороодод ажиллах хүний нөөцийн асуудал маш хүндрэлтэй байна. Хороонд ирж ажиллах залуучууд байхгүй болсон. Бас хороонд ажиллаж буй төрийн албан хаагчид эрх мэдлийн хувьд дутмаг, урамшууллын систем хангалтгүй байгаа зэргийг цаашид анхаарч өгмөөр байна.