“Хүн бүр байгаль хамгаалагч“ аяны нээлтийн арга хэмжээ өнөөдөр Баянзүрх дүүрэгт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ц.Мөнхцэцэг, Баянзүрх дүүргийн 43 хорооны зохион байгуулагч нар оролцсон юм. Баянзүрх дүүргийн хувьд нийт 21 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эх орноо хайрлан хамгаалдаг, нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Хүн бүр байгаль хамгаалагч” уриатай нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Энэхүү арга хэмжээ нь 2023 оны оны 04 дүгээр сарын 20-оос 5 дугаар сарын 15-ний хооронд болох бөгөөд нийслэл бүх дүүрэг дээр хэрэгжих юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.