“Эрүүл монгол хүн” үндэсний чуулганаас гаргасан ЗӨВЛӨМЖ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 42 секунд

“Эрүүл монгол хүн” үндэсний чуулганаас гаргасан ЗӨВЛӨМЖ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулсан “Эрүүл монгол хүн” үндэсний чуулганаас зөвлөмж гаргалаа.

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР:

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангах үүднээс холбогдох яам, агентлаг, төр, захиргааны байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл бүхий Үндэсний зөвлөл байгуулах,

  • Хүн ам, олон нийтэд чиглэсэн, судалгаанд суурилсан нийтийн эрүүл мэндийн арга хэмжээг өргөжүүлэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг бүрдүүлэх сан үүсгэн байгуулах,
  • Архи, согтууруулах ундаа, тамхины онцгой албан татварын 10 хүртэл хувийг дээрх санд төвлөрүүлэн нийтийн эрүүл мэндэд зарцуулах боломжийг эрэлхийлэх,
  • Үндэсний хөдөлгөөний үзэл баримтлал, бодлогын баримт бичгийг эцэслэн 2023-2030 онд хэрэгжүүлэх нарийвчилсан дэд хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх,
  • Дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт шинжилгээ хийх салбар дундын төлөвлөлт, зохицуулалтын нэгж байгуулах,
НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖИЙН ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:
  • Тусламж, үйлчилгээг хүн амд хүртээмжтэй, чанартай хүргэх үндэсний тогтолцоог нэн яаралтай бүрдүүлж, анхан шатны эрүүл мэндийн байгууллага, хамтрагч талуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах,
  • Нэр төрөл, өртөг зардал, санхүүжилтийг тодорхой болгох чиглэлээр эрх зүйн шинэчлэл эхлүүлж, хэрэгжүүлэх,
  • Урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөл, нас баралтыг бууруулахын зорилгоор халдварт бус өвчний анхдагч ба завсрын эрсдэлт хүчин зүйлийн суурь үзүүлэлтийг сум, аймаг, дүүргийн зорилтот бүлгүүдээр тогтоон, түүнийг бууруулах, сэргийлэх, хянах, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн суурь ба анхдагч сэргийлэлт, интервенцийг оновчтой төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг тооцох,
  • Өвчнийг илрүүлэх, оношлоход чиглэсэн олныг хамарсан “Эрт илрүүлэг”-ийг боловсронгуй болгож, цаашид эмгэгт хүргэх эрсдэлийг тогтоох зорилго бүхий өртөг хямд, энгийн аргад тулгуурласан илрүүлгийг эрүүл болон эрсдэлт бүлэгт хэрэгжүүлэх,
  • Архи, тамхины зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй эмгэг, түүний нас баралтыг бууруулахын тул ДЭМБ-ын холбогдох зарчмыг цогцоор хэрэгжүүлж, архинд донтох эмгэгээс сэргийлэх, донтох эмгэгийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд аймаг, дүүргүүдэд нийгэм, сэтгэлзүйн нэгж ажиллуулж, мэргэшсэн эмч, мэргэжилтэн бэлтгэх,
  • Хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг насны бүлгээр тооцон тодорхойлох жишиг зардлыг тооцох эрх зүйн орчин бүрдүүлэх, төсөвлөх,
  • Иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн сан үүсгэх, холбогдох цахим бүртгэлийн давхцалыг арилгах, хэрэглээг нэмэгдүүлэх,
  • Орчны эрүүл мэндийн эрсдэлийг тандах, хянах, нөлөөллийн үнэлгээ хийх чадавхыг сайжруулж, био мониторинг тогтолцоо бүрдүүлэх,
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР:
  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн сургалтын хөтөлбөр дэх эрүүл мэнд, зан үйл, биеийн тамирын хичээлийн агуулгад цогц шинэчлэл хийх, сайжруулах,
  • Эрүүл, аюулгүй, тэнцвэрт, шим тэжээлт хүнс үйлдвэрлэх, цэцэрлэг, сургуулийн “Үдийн хоол”, “Үдийн цай” хөтөлбөрийн чанарыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг, сургууль хөдөлгөөн өрнүүлэх,
  • Цахим боловсрол, цахим орчны соёл, хандлага, хэрэглээг төлөвшүүлэх сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран боловсролын бүх шатны сургалтын хөтөлбөрт тусгаж, хэрэгжүүлэх,
  • Хүүхдийн насны бүлэгт тохируулан (0-5, 6 нас, 9 нас, 12 нас, 15 нас) эрүүл мэндийн байдлыг үнэлэх, эрүүлжүүлэх, хянах, бүртгэх цахим нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах,
  • Боловсролын бүх шатны байгууллагад ажиллаж буй эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйл, хоол зүйч, нийгмийн ажилтныг хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, сэтгэхүйн хөгжлийн үнэлгээ, сургалтын орчин үеийн нэгдмэл арга зүйгээр чадавхжуулах,
  • “Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөр” санаачлан хэрэгжүүлж, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт архи, согтууруулах ундаа, түүнээс үүдэн гарах хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах агуулгыг тусгах,
  • Хэрэгжилтийг гүйцэтгэлийн үнэлгээ, санхүүжилттэй уялдуулах, үнэлэх, хянах, боловсронгуй болгон тогтмолжуулах,
АРХИ, ТАМХИНЫ ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
  • Архидан согтуурахаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллийг бууруулах үүднээс ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжид чиглэсэн зорилтот арга хэмжээг тасралтгүй, оновчтой арга хэлбэрээр зохион байгуулж, үр дүнг тооцох,
  • Архи, согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль, Онцгой албан татварын тухай хууль болон бусад дагалдах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг хагас жилд тутамд мэдээлэх,
  • Донтох эмгэгийн эрсдэл, шалтгаан, эрүүл мэнд, эдийн засгийн хор хөнөөлийг бууруулах, эмчлэх, эрүүлжүүлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагууд цогц төлөвлөгөө боловсруулж хамтран ажиллах,
  • Эрүүлжүүлэх байр, албадан эмчилгээ, түр саатуулах байр зэргийн бүтэц, зохион байгуулалт, эмчлэх, сэргийлэх, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг шинэчлэн стандарт тогтоох,
  • Тамхины хяналтын тухай хуулийн шинэчлэлийг “Тамхины хяналтын суурь үзэл баримтлал” болон бусад орны тамхины хэрэглээг бууруулсан туршлага, судалгаанд тулгуурлан цогцоор нь шинэчлэх,
  • “Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх,
БҮХ НИЙТИЙН СПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР:
  • Иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, биеийн тамир, спортоор хичээллэх орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд зохион байгуулалт, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах,
  • Хөдөлгөөний хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал эзэмшсэн, идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран ажиллах,
  • Эрүүл зан үйл, зохистой хооллолт, бие бялдрын хөгжил болон эрүүл хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн соёл, урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг технологийн дэвшил, хүн амын бүлгүүдийн онцлогт нийцүүлэн оновчтой, хүртээмжтэй түгээх,
  • Спорт, идэвхтэй хөдөлгөөний үйлчилгээг хувийн хэвшил, спортын холбоо, спортын клубээр гүйцэтгүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх,
  • Хөдөлгөөний хомсдолоос шалтгаалан иргэдийн насжилтад сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв тодорхойлдог болох,
  • Хөдөлгөөний хомсдол бий болоход нөлөөлөгч хүчин зүйлийг багасгаж, идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжих ээлтэй орчин бүрдүүлэн амьдралын чанарыг сайжруулах,
  • Идэвхтэй хөдөлгөөний дэмжих, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, бие бялдрыг хөгжүүлэх, ажлын байр, амралт чөлөөт цагаар хийх дасгал хөдөлгөөний талаарх мэдээллийг олон нийтэд цахимаар түгээх,
АЙМАГ, ДҮҮРГИЙН ТҮВШИНД:
  • “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах нэгж бүрдүүлэх,
  • 2023-2030 онд хэрэгжүүлэх нарийвчилсан дэд хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх,
  • Хэрэгжилтийг “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний шалгуурын дагуу жилд хоёр удаа гарган үр дүнг үнэлэх,

Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, өрхийн түвшинд:

БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮД:
  • Эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, хамт олноороо эрүүлжих ажлыг тасралтгүй хэрэгжүүлэх,
  • Биеийн тамираар хичээллэх, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин, нөхцөл бүрдүүлэх,
  • Эрүүл, зохистой хоол, хүнсээр үйлчлэх ажлын орчин бий болгоход анхаарах,
ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР:
  • Хүнсний бүтээгдэхүүн дэх сахар, тос, давсны агууламжийг бууруулж, эрүүл, шимт хүнсний үйлдвэрлэлийг дэмжих,
  • Архи, согтууруулах ундаа, тамхи, тамхин бүтэгдэхүүн байршуулах хэсгийн талбайг багасган жимс, хүнсний ногоо, эрүүл хүнсний үйлчилгээг нэмэгдүүлэх,
  • Ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж эрүүл, аюулгүй, эрсдэлгүй, ээлтэй ажлын орчин бүрдүүлэх,
АЙЛ ӨРХ, ИРГЭД:
  • Эрүүл өрх, эрүүл гэр бүл байхын үндэс болсон эрүүл хүнс, эрүүл дотоод орчныг бүрдүүлэх, мэдлэг, мэдээлэлтэй байх,
  • Гэр бүлийн гишүүн бүр эрүүл мэндээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийдэг, зөв хооллодог, цахим хэрэглээг зохицуулдаг соёл хэвшүүлэх,
  • Эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт тогтмол хамрагдаж, өвчлөлөөс сэргийлэх, эрүүл мэндээ дэмжих иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөмж болгожээ.

Зөвлөмжийг эрүүл мэндийн салбарын бүх шатны байгууллага, холбогдох салбарууд болон төр, захиргаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, ард иргэд хамтран хэрэгжүүлж, бодит үр дүн гаргахыг чуулганд оролцогсод уриалав.

Монгол Улсын Ерөнхийлөгчид ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга захидал ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчид ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга захидал ирүүллээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ