Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлье” ТББ-тай хамтран монгол бичгийн анхан шатны сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд болон хорооны албан хаагчид хамрагдаж байна. Анги танхимын багтаамжаас хамаарч энэ удаа 66 албан хаагчийг 12 цагийн танхим, 12 цагийн цахим, 34 албан хаагчийг 24 цаг цахимаар сургалтад хамруулахаар зохион байгуулаад байна. Мөн цаашид монгол бичгийн сургалтад хамрагдах хүсэлтэй албан хаагчид цөөнгүй байгаа юм байна.
“Монгол хэлний хууль”-ийн 7.2 дугаар зүйлд 2025 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн “...төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” хэмээн заасан. Мөн Монгол Улсын Засгийн газраас энэхүү хуулийн хэрэгжилтийг хангахын тулд 2018 онд "Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” тогтоол гаргаж, төр, олон нийтийн байгууллага, иргэн, аж ахуй нэгжийг бодит ажил хэрэг болгох үүрэг өгсөн байдаг.
Үндэсний бичгийг хэрэглээнд нэвтрүүлэх нь нэг талаар хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа мэт харагдавч агуулгаараа үндэсний аюулгүй байдал, үндэсний дархлааг бэхжүүлэхэд оруулж буй бидний хувь нэмэр гэдгийг сургалтыг зохион байгуулагчид онцоллоо.